-Сурын спортод хэрхэн дурлах болов. Ер нь энэ спорт юугаараа таны сэтгэлийг татсан бэ?
-Дур сонирхолдоо хөтлөгдөн өдий хүртэл хичээллэж кайф авч явна. Байнга нар салхи агаарт биеэ чийрэгжүүлж байдгаараа бусад спортоос давуу талтай. Мөн эрчүүд нэг талдаа 70 м, эмэгтэйчүүд 65 м явж байдгаараа эрүүл мэндийн чухал ач холбогдолтой.
-Сурын спортод насны хязгаар байхгүй. Найман настай балчраас наян настай буурал харваж болдог спорт.
-Тэгэлгүй яахав. Зарим спорт зөвхөн залуу насны ажил байдаг. Гэтэл манай спортоор Улсын гарамгай мэргэн 89 настай Цэвээн гуай л гэхэд өнөөдөр ид залуугийнх шигээ харваж байх жишээтэй. Бас 60 гарчихсан спортын мастер эгч нар маань залуучуудтай эн зэрэгцэж харваад л явж байна. Миний хувьд ч 1981 оноос хойш үндэсний бөхийн гурван үеийн аваргуудтай хамт наадаад явж байна.
-Удахгүй “Монгол туургатан” олон улсын тэмцээн болох гэж байна. Та энэ тэмцээнд оролцох уу?
-Энэ тэмцээн Өвөрмонголын Шилийн голд зохион байгуулагдана. Манай сурын спортоос арав гаруй харваач оролцоно. Тэр тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.
-Гарын шавь бэлтгээд байгаа гэсэн. Ер нь хүүхдүүдийн сурах идэвх сонирхол ямар байх юм?
-Тийм ээ. Залгамж халаа болсон охидууд бэлтгэж байна. Шинэ харваачдад өөрийн чадах мэдэх бүхнээ зааж сургаж, үндэсний сурын харвааны уламжлалыг өвлүүлэхийн төлөө хичээж байгаа. Бусад харваачдын адил үндэсний сурын харваандаа хайртай.
-Наадмаар халуунд халж, бороонд норж хамгийн их үүрэг гүйцэтгэдэг хүмүүс харваачид. Гэтэл та бүхний үнэлэмж, бай шагнал морь бөхөөс хавьгүй доогуур. Энэ тал дээр жил бүр шүүмжлэл дагуулдаг?
-Бидний үнэлэмжийг морь бөхтэй харьцуулшгүй, маш бага. Улсын баяр наадмаар бөхөд хэдэн сая төгрөг, хөдөө орон нутгийн наадамд түрүүлэхэд машин өгдөг. Гэтэл бидэнд дээд тал нь 400-500 мянган төгрөг өгдөг байлаа. Сүүлдээ нэмэгдээд 800 мянган төгрөг болсон. Харин сүүлийн үед дөрвөн сая төгрөг өгдөг болсон нь бидний хөдөлмөрийг үнэлсэн чухал алхам болсонд баяртай байгаа.
-Таны сэтгэлд үлдсэн наадам?
-Амьдралынхаа нэгээхэн хэсгийг сурын спортод зориулж байгаа болохоор жил бүрийн наадам сэтгэл догдлуулдаг. Улсын наадамдаа зургаан удаа айрагдсан. Нэг удаа манлай харваач зургаан удаа шилдэг харваачаар тодорсон. Мөн шинэ дүрмээр 40 сумаас 39 онож эмэгтэйчүүдийн рекорд амжилтыг тогтоосон. 2011 оны баяр наадмаар буриад харвааны мэргэн болсон.
-Манай харваачид сүүлийн үед амжилт арвинтай байгаа. Та л гэхэд томоохон тэмцээнээс анх удаа дэлхийн аварга болж байсныг санаж байна?
-2010 онд дэлхийн уламжлалт харваанд монголоос анх удаа дэлхийн аварга болсон. Гэвч энэ шинэ үнэлэмжийг спортын удирдлагууд үнэлэхгүй байгаад манай сурынхан сэтгэл дундуур байдаг. Гэхдээ цаашдаа энэ тал дээр харж үзэх байх гэдэгт найддаг. 30 гаруй орны 300 гаруй харваачид оролцсон том наадам болсон шүү дээ. Манай сурчид зөвхөн Монголдоо биш олон тэмцээнд оролцож бусад топ спортын адил туршлага судалж ур чадвараа харуулж байгаад нь сэтгэл хангалуун байдаг.
-Нум сумны онцлог, үнэ ханшийн тухайд?
-Нум сумыг бусад буудлага, байтын спорт шиг үйлдвэрлэдэггүй, гар аргаар эвэр илгээр хийдгээрээ онцлогтой. Манай гарын таван хуруунд багтах мастерууд өөрсдөө нум сумаа хийдэг. Тэднээс чанартай цөөхөн нум сум гардаг. Сурын спортыг хүмүүс жилээс жилд илүү их сонирхдог болоод байгаа. Харамсалтай нь хэрэглэл нь байдаггүй. Хэрэглэл нь ховор учраас түүнийгээ дагаад үнэтэй байгаа юм. Гэлээ гээд яахав дээ цехээс гарч ирэхийг нь хүлээж авч хэрэглээд л явж байна
-Нум сум үнэтэй гэлээ. Та хэдэн төрөгийн үнэтэй нум хэрэглэж байна вэ?
-Олон харвасан улсын мэргэн цолтой гэдэг утгаараа хүмүүс нэг их хатуурхаад байдаггүй. Дундаж үнэтэй нум олддог юм. Чанартай нум 500 мянган төгрөгийн үнэтэй, дээр нь сум 100 мянган төгрөг. Гэхдээ энэ бүхэнд үнэ хайрладаггүй. Сум модныхоо хийц, цавуу, чанараас шалтгаалж элэгдэл хорогдол нь янз бүр байдаг. Зарим нь гурав дөрвөн зуун мянган төгрөгөөр авсан нумаа удаан эдэлж байхад зарим нь долоо хонолгүй л хугарчих жишээтэй.
-Таны хань бас харвадаг гэсэн байх аа?
-Багшийнхаа ажлыг орхиод нөхөртэйгээ хамт харвадаг болсон. Хань маань спортын мастер Б.Батбаатар гэж хүн бий. Хоёр хүү маань бас харвадаг. Одоо түр харваагаа орхиод гадаадад сурч байгаа.
-Цолоо ахиулах, шинэ цолд хүрэх харваач хүний туйлын зорилго?
-Хүн бүхэн л улсын наадмаа бэлгэдэж цолоо ахиулахыг бодож байгаа. Гэхдээ миний хувьд энэ жил тийм бодол төрөхгүй байна. Олон жил мөрөөдсөн болоод ч тэр үү улсын мэргэн цолоо өнөөг хүртэл баталж чадаагүй л байна.