Монгол наадам хаяанд ирлээ. Дэнж хотойтол нааддаг монголчууд эр бяраараа
гайхуулах хүчит бөхчүүд, хурдан хүлэг, цэц мэргэн харваачдаа харан
баясах цаг мөч ойртсоор буй. Энэ хүрээнд Монголын морин спортын холбооны
тэргүүн Д.Даваагаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн наадмаар хэдэн морь уралдах вэ?
-Улсын наадамд зургаан насны ангилалд дунджаар 400 морь буюу хоёр өдөрт
2400 морь уралддаг. Харин аймгийн төвүүдийн морин уралдааныг
оролцуулаад нэгэн зэрэг 26 мянган морьд зэрэг уралддагаараа гайхалтай.
Эцсийн хүчээ шавхах хүртлээ 20-30 километр уралддаг онцлогтой морин
уралдаан дэлхийд хаана ч байхгүй. Уяа сойлгыг нь буруу тааруулбал арван
километр ч давхиж чадахгүй. Харин уяа сойлгыг нь тохируулбал 40, 50
километр байсан ч давхиад барианд орж ирж чаддаг. Ингэж 100-500 морьд
нэгэн зэрэг уралдахыг гадаадын жуулчид их сонирхон үздэг шүү дээ. Миний
хувьд орон нутгийн наадам өргөн дэлгэр болно гэж боддог.
-Жил бүр араб морь уралдуулах, үгүй гэдэг дээр маргаан гардаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Энэ жилийн наадмаар 30, 40 шахам араб морь уралдана гэж ярьж байгаа. Гэхдээ тусдаа уралдана.
-Бас Өвөрмонголоос морьд ирж уралдана гэсэн үү?
-Морьд ирэх сураг байгаа болохоос хэдэн морьд ирж уралдах нь одоогоор
тодорхойгүй байна. Гэхдээ энэ бол бидний мэдэх хэмжээний асуудал биш.
Засгийн газрын хэмжээнд яригдах асуудал. Хил гаалиар нэвтрэх тийм амар
зүйл биш. Урьдчилан үзлэгт оруулахаас эхлээд асуудал байна шүү дээ.
Хэрэв ирлээ гэхэд тэр жижигхэн морьдыг ихэвчлэн зарах л сонирхолтой
байдаг.