Сирийн оргодол генерал: “Арми ядарлаа”

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Сирийн оргодол генерал: “Арми ядарлаа”

Сирийн армиас оргогчдын тоо улам бүр өссөөр байна. Зөвхөн өнгөрсөн хоногуудад нэг генерал, хоёр хурандаа, таван офицер, 30 цэрэг оргон Туркээс орогнол хүсчээ. 

Алеппо мужид танкийн ангийг командалж байсан бригадын генерал асан Ахмад Берро өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн хамт Туркт зугтан гарчээ. Одоо тэрээр Сирийн цэргийнхэнд хандан эрх баригчдын тушаалыг биелүүлэхгүй байхыг уриалж байна. “Сирийн арми ядарч байна. Бараг нэг жил дөрвөн сарын турш арми улс орныхоо нутаг дэвсгэрт байлдаан хийж байна. Арми муу хангамжтай, өвлийн хүйтэн, зуны халууны хүндрэлтэй тулгарч байна. Цэргийнхэн тэднийг ахан дүүс, хөвгүүдийнхээ эсрэг аллагад шахаж байгааг ойлгож байна. Энэ нь хүнлэг биш. Арми сэтгэл санаа, ёс суртахууны хямралд ороод байна” гэж Берро яриад Сирийн нутгийн 60 хувь Ассадын хяналтаас гарсан гэж нэмж хэлжээ.

Өвчтэй, шархадсан хүмүүсийг нүүлгэхээр түр гал зогсоох талаар тохиролцсон ч Хомс хотод хяналт тогтоохын төлөө тулалдаан үргэлжилсээр байна. Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд мөргөлдөөний барьцаанд орсон хотынхонд тусламж үзүүлэхээр тийшээ нэвтрэх оролдлого хийгээд бүтэлгүйтжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж