Европын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн хамгийн сонирхолтой үедээ ирлээ. Шөвгийн дөрөвт Итали, Герман, Португаль, Испани үлдээд байна. Португалиас бусад нь Европын аваргууд. Тоглолтын хэв маяг, тоглогчдын ур чадвараараа Европын бусад улсаас эрс ялгардаг энэ баг өмнө нь аваргын цомоос атгаад алдаж байсан удаатай. Энэ жил тэдний гол хүсэл нь Европын аваргын цомыг эх орондоо авчрах. Мэдээж энэ тийм ч амархан байхгүй нь мэдээж. Испанийг өнөө цаг үеийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж байгаа орон гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд 2008, 2010 оны тив, дэлхийн аварга болсон нь ч тохиолдлын хэрэг биш. Үеийн үед тив, дэлхийн аль ч тэмцээнд оролцсон аваргын төлөө өрсөлдөх багийн тоонд ордог баг бол германчууд. Тэд дэлхий болон Европын аваргыг гурвантаа хүртэж байсан хүчтэй багийн нэг. Италичуудыг бас мартаж болохгүй тэд Европын аваргыг хамгийн сүүлд 1968 онд хүртэж байсан ч хэд, хэдэн удаа шөвгийн дөрөвт шалгарч байсан удаатай. Тэд энэ жил олон жилийн турш тивийн аваргад нь тулсан азгүйтлээ зогсоохоор тэмцэх гэж байна. Криштиано Роналдо, Луиш Нани, Антонио Ди Натали, Жианлиужжи Буффон, Месут Озил, Марио Гомез, Фернандо Торрез, Андрес Инеста, Шаби, Шави Эрнандез нар энэ тулааны гол дүрүүд байх нь гарцаагүй. Ингээд багууд их тулааны өмнө ямаршуухан мэдээлэл өгч байгаатай танилцацгаая.
Германы шигшээ багийн тамирчин Месут Озил хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийжээ. Тэрээр шигшээ багийнхаа дасгалжуулагч, багийн нөхөд, тоглолтын арга барилынхаа талаар өөрийн бодлоо илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар энэ жил Герман Европын аваргын цомыг гардах аж. “Бид нэгэн томоохон тэмцээнд маш хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Герман улс дахин Европын аваргын цомыг авах болно. Манай багийнхан үүндээ ч итгэл дүүрэн байгаа” гэж ярьжээ. Зургадугаар сарын 28-ны шөнө болох энэ тоглолтод хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Германыг ялах магадлал харьцангуй өндөр гэж дүгнээд байгаа билээ. “Гэсэн хэдий ч энэ тоглолт үнэхээр хэцүү байх болно. Гэхдээ бид хэнийг ч ялах хүчтэй. Италичууд энэ жилийн аваргад итгэмээргүй их хүчтэй оролцож байна. Испаничууд яаж тоглож байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Португальчууд ч гэсэн сайн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг бид мартаж болохгүй” гэж ярьжээ.
Европын хэвлэлүүд германчуудыг таван тоглолтод ялж чадах уу гэсэн асуултаар аль хэдийнэ сониныхоо эхний нүүрүүдийг гарчиглаад эхэлжээ. Харин Озил энэ талаар “Бид ийм гайхалтай үр дүнд хүрч чадна гэж бодож байна. Ямар ч байсан хөлбөмбөг сонирхогч, судлаачид харж л бай. Бид ч үүнийг хүлээж байна” гэж ярьжээ.
Италичууд хагас шигшээд Англитай торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдсэн. Түүх хоёр багийн эсрэг байсан ч италичууд азгүйтлээ зогсоон аяллаа цааш үргэлжлүүлэхээр болсон билээ. Энэ хоёр багийн тоглолтод нэг их олон гоол ороод байдаггүй. Ихэвчлэн 120 минутын турш тулалддаг ажээ. 1970 онд энэ хоёр баг дэлхийн аваргын хагас шигшээд таарч байсан удаатай. Тухайн үед үндсэн болоод нэмэлт цагт гоол оролгүйгээр тэнцсэн учир торгуулийн цохилтоор ялагчийг шийдэхээр болсон билээ. Тэд торгуулийн цохилтоор 4:3-ийн харьцаатай Баруун Германы багийг буулгаж авснаар дэлхийн аваргын шигшээд үлдэж байсан түүхтэй. “Тухайн үеийн үйл явдал миний нүдэнд одоо ч тодхон харагдаж байна. Магадгүй Италийн шигшээ багийн хамгийн гоё тоглолт тэр жил тохиосон ч байж болох юм. Маш хүчтэй багтай бид таарсан ч ялалт байгуулж байсан юм даг” гэж хөлбөмбөгийн түүхч, судлаач Ричард Айкман ярьжээ
1982 оны Испанид болсон дэлхийн аваргаар энэ хоёр баг дахин таарчээ. Гэхдээ шигшээ тоглолтод таарсан юм. Тухайн үед мөн л италичууд ялалт байгуулсан. Гэхдээ өмнөх шигээ торгуулийн цохилтоор асуудал шийдэгдээгүй. Үндсэн цагт Италийн шигшээ багийн Росси, Тарделли, Алтоделли нарын гурван гоолоор ялж дэлхийн аваргын цомыг гурав дахиа хүртэж байсан түүхтэй.
Харин дараагийн учраа нь 24 жилийн дараа болсон юм. 2006 оны дэлхийн аваргын хагас шигшээд энэ хоёр баг таарсан. Энэ удаад мөн л Италийн ялалтаар өндөрлөсөн. Гроссо, Дел Пьерогийн гоолуудаар шигшээд шалгарч улмаар дэлхийн аваргын цомыг дөрөв дэхээ өргөсөн юм.
Энэ хоёр баг Европын аваргын тэмцээнд хоорондоо таарч байсан түүх байхгүй. Харин дэлхийн аваргад гурвантаа таарч гурвууланд нь хожсон гэсэн үзүүлэлт Италийн талд байна. Түүхийг харвал Италийн талд байгаа ч германчууд тэр үеийнхээсээ өөр болсон төдийгүй тоглох арга барил нь ч хамаагүй сайжраад байгаа билээ. Харин италичуудад түүх хоёр талтай байна. 1968 оноос хойш хагас шигшээд хоёр удаа л шалгарсан бөгөөд хоёуланд хожигдаж байсан гэсэн тааруухан үзүүлэлт бий. Гэхдээ германчуудтай гурвантаа таараад ялсан энэ багт түүх эерэгээр хандах ч юм билүү. “Бид германчуудтай таарч сурсан. Энэ бол бидний уламжлал. Тиймээс бид тийм ч амархан ялагдахгүй” гэж Италийн шигшээ багийн дасгалжуулагч Цезаре Пранделли мэдэгдээд байгаа билээ.
Хамгийн сүүлд энэ хоёр баг 2010 оны дэлхийн аваргын шөвгийн 16-д таарч 1:0-ийн харьцаатайгаар Испани хожиж байжээ. Тухайн үед Винсентэ Дел Боскегийн гайхалтай тактик ийнхүү хожилд хүргэж байсан гэж дэлхийн хэвлэлүүдээр шуугиж байсан удаатай. Өдгөө 61 настай дасгалжуулагч энэ жил өмнөх дэлхийн аварга дээр таарсан шигээ амжилтыг үзүүлж чадах уу гэдэг асуулт хэвээр л байна. Кейп Таунд болсон тоглолтын үеэр цорын ганц гоолыг Давид Вияа оруулж Испанийг ялалтад хүргэж байсан удаатай. Португалийн шигшээ багийн хувьд энэ жил арын хамгаалалтаа “Спортинг” клубын гишүүд дээр тулгуурлаж бүрдүүлсэн. Энэ ч муу байгаагүй гэдгийг хэсгийн тоглолтуудаас харж болох биз. Энэ удаад өмнөх дэлхийн аваргаар үзүүлж байсан гайхалтай тоглолтыг Иниеста, Шави, Фабрегас нар үзүүлэхгүй байгаа ч ямар ч байсан формоо алдаагүй гэдгийг дэлхий нийтэд харуулаад байгаа юм. Гоолын боломжийг хангалттай үүсгэдэг болохоор гоол орохгүй байна гэсэн ойлголт бараг л үгүй болов уу. Энэ удаад Санти Казорла болон Педро Родригез нарын аль нэгийг гаргах болов уу гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Бид энэ удаад дахин ялах болно. Бидний форм сайн байгаа. Багийн нэг, нэгэнтэйгээ ойлголцох байдал ч сайн байгаа. Португалийн хоёр, гурван тоглолтыг үзсэн. Бидний ойлголцол хамаагүй илүү юм билээ” гэж Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Дель Боске ярьжээ.
Английн прьемер лигийн “Виган Атлетик” клубын ерөнхий менежер Роберто Мартинез Португалийн ерөнхий дасгалжуулагч Пауло Бентугийн ажиллах арга барилыг сайшаасан байна. 2010 оны есдүгээр сараас өмнө Спортинг клубыг дасгалжуулагч байсан Бенту ажиллаж байгаа билээ. Түүнийг ирснээс хойш 20 тоглолт хийсэн бөгөөд 60 хувийн амжилттай байна. Харин Роберто Мартинез ялах магадлалтай гэж үзэж байгаа ажээ. “Португальчууд ялна гэдэгт итгэж болно. Энэ удаад багийн бүрэлдэхүүн, тоглолтын ур чадвар хамгийн сайн байна. Пауло Бенту бол төгс төгөлдрийг эрхэмлэдэг сайн дасгалжуулагч. Түүний удирдлага дор Италийн шигшээ муугүй амжилт үзүүлсэн. Тактикийн хоёр, гурван сэлгээ хийж, ерөнхийдөө Роналдо дээр тулгуурласан тоглолтыг үзүүлэх болов уу” гэж Роберто Мартинез ярьжээ.