БНСУ-тай хийсэн гэрээг өөрчлөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

БНСУ-тай хийсэн гэрээг өөрчлөөгүй гэв

Өмнөд Солонгосын Шударга өрсөлдөөнийг зохицуулах хороо Сөүл-Улаанбаатарын чиглэлд монополь эрх эдэлж байгаа  “Кореан Эйр”-ийн асуудлаар  авч хэлэлцсэнтэй холбоотойгоор тухайн үед БНСУ болон Монголын Засгийн газар хоорондын иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулж магадгүй тухай яриа гарч байсан билээ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ өөрчлөгдсөн тохиолдолд “МИАТ” болон “Кореан Эйр”-ээс өөр авиа компаниуд  уг чиглэлд үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэх тухай яриа гарч байсан юм. Тиймээс Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Зам тээврийн бодлогын газрын дарга н.Наранпүрэвээс энэ талаар тодруулахад “Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр өөрчлөлт оруулах албан бичиг манай яам болон Солонгосын яамны хооронд үйлдэгдээгүй. Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр л ийм мэдээлэл цацагдсан болохоос албан ёсоор энэ талаар хоёр улс ярилцаагүй байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.

Ямарч байсан одоогоор өнгөрсөн тавдугаар сард 1990 онд байгуулсан БНСУ болон Монголын Засгийн газар хоорондын иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулаагүй байгаа бөгөөд “Кореан Эйр” болон “МИАТ”-ын зүгээс өөр бусад авиа компанийг Сөүл-Улаанбаатарыг чиглэлд үйл ажиллагаа эрхлэх боломж олгоход дургүй байгаа талаар албаны эх сурвалж өгүүлсэн. 1990 онд Монгол, Өмнөд Солонгосын хооронд  иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах гэрээг хоёр улсын Засгийн газар хооронд  байгуулсан цагаас хойш ”Korean Air”, MIAT компаниуд Инчеон-Улаанбаатарын хооронд долоо хоногт нэг талдаа зургаан удаа тогтмол нислэг хийх болсон юм. Дээрх чиглэлийн нислэгээс “Кореан Эйр” компани 29 хувийн ашиг олсон талаар мэдээлэл бас  байгаа юм.

Н.ХҮСЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж