Pitbull-ын тоглолтын талаар “Fabulous” төслийн удирдагч Д.Батзаяатай ярилцлаа.
-Pitbull-ын тоглолтын тасалбар дуусах гэж байгаа гэж сонслоо. Тасалбарын борлуулалт хэдэн хувьтай байна вэ?
-Өнөөдрийн байдлаар тасалбарын борлуулалт 65 хувьтай байна. Ерөнхийдөө хойд суудлын тасалбарууд үлдээд байгаа. Luxury zone-ын тасалбарууд ерөнхийдөө дууссан, арваад ширхэг л үлдсэн.
-Мөн гадаад зах зээл дээр буюу манай хоёр хөршид тасалбарыг борлуулна гэж байгаа. ОХУ, Хятадаас хэр олон үзэгч ирэхээр байна вэ?
-ОХУ-ын Улаан-Үд, Чита, Красноярск, Эрхүү, БНХАУ-ын Хөх хот гээд гадны зах зээлд нийт 4700 тасалбар гарган борлуулсан. Мөн эдгээр газрууд манайхаас 2000 тасалбар нэмж татсан. Ирэх долдугаар сарын 10-нд сүүлд татсан тасалбарынхаа эцсийн тооцоог хийнэ. Тоглолт үзэхээр ирэх хүмүүсийг нэгдсэн журмаар авчрах, буудалд байршуулах гээд дараагийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.
-Pitbull-ын албан ёсны вэбсайтад Монголд хийх тоглолтын талаар мэдээлэл байхгүй байна. Тиймээс үзэгчдийн дунд Pitbull Монголд ирэхгүй байх вий гэсэн эргэлзээ их байна?
-Яг энэ асуудлаар бид Pitbull-ын менежментийн багт албан тоот илгээсэн байгаа. Хариуд нь түүний Европын аялан тоглолт эхэлчихсэн, завгүй байна. Мөн Pitbull-ын вэбсайтыг “Sony production” хариуцдаг. Эрх мэдэл нь тэднийд байдаг тул энэ тухай тэдэнд мэдэгдсэн. Долдугаар сарын 1-нээс эхлээд нийт 21 тоглолтын тов хараахан ороогүй байгаа. Үүнийг нэгдсэн журмаар нэг өдөр оруулна гэж хариу өгсөн. Мөн Pitbull-ын вэбсайт шинэчлэгдэж байгаа гэж сонссон. Тийм болохоор нэгмөсөн бүх мэдээллүүд орно гэж бидэнд и-мэйлээр мэдэгдсэн байгаа.
-Тоглолт цуцлагдана гэсэн асуудал огт байхгүй гэж ойлгож болох уу?
-Тийм зүйл огт байхгүй. Хүмүүсийн дунд Pitbull ирэхгүй гэсэн яриа их гарсан байсан. Манайхан хоёр жилийн өмнө Монголд ирэх тухай яриа гарч байсан Николь Шерзингерийн асуудалтай холбоотой гэж ойлгоод байна. Тэд яагаад ирээгүйг бид мэдэхгүй. Манай “Fabulous” төсөлд таван компани нэгдсэн. Үүнд, Азийн Pitbull-ын агентлаг, Европ дахь “Next Level” агентлаг, Сингапураас хуулийн чиглэлээр “Bong Consultants” компани, Монголын талаас “F” брэндийн “Eviess” компани болон “Wide Mind” гээд маркетингийн таван компанийн нэгдлээр энэхүү төсөл бүтэж байгаа. Бид Pitbull-ын агентлагтай гэрээ байгуулсан. Монголд ямарваа нэг үймээн бослого, байгалийн гамшиг тохиолдвол тоглолт цуцлагдана гэж гэрээнд заасан ч энэ тохиолдолд зөвхөн тоглолтын тов хойшилно уу гэхээс гэрээ цуцлагдахгүй, хүчин төгөлдөр хэвээр байна. Тэгэхээр Pitbull бидэнтэй өвдөх ч эрхгүй гэрээ байгуулсан гэсэн үг. Бид нэг ёсондоо түүний Европоор хийж буй аялан тоглолтоос нь “хулгайлж” авчраад буцаагаад явуулж байгаа хэрэг. Тиймээс манайд 24-32 цаг болно гэж Pitbull албан ёсоор мэдэгдсэн байгаа.
-Европын аялан тоглолтынхоо хүрээнд Pitbull Азиас зөвхөн Монголд тоглоно гэдгээрээ их онцлог байгаа шүү дээ. Энэ гэрээг анх хэрхэн хийсэн бол?
-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас энэ тухай яригдаж, судалж эхэлсэн. Үнэхээр Монголын зах зээл хүрэлцээтэй юу, хэдэн төгрөгөөр тасалбар борлуулбал болох вэ гээд бүгдийг нарийн сайн судалсан. Бид зөвхөн нэг хүнийг сонгож судлаагүй. Энрике Иглесиас, Pitbull гээд олон хүнийг сонирхсон. Тэгээд санал тавихад Монголд өмнө нь нэг ч дэлхийн од ирж байгаагүй, томоохон хэмжээний зохион байгуулалт хийж байгаагүй гээд тэдний шаардлага өндөр. Зарим нь, эхлээд дэлхийн хэмжээний 2-3 тоглолт хийчих, дараа нь үзэж байгаад очъё, эсвэл бид очих боломжгүй гэсэн хариу өгч байсан. Хөгжим, тайз, дуугаралт гээд бүхий л зүйлс тухайн дуучныг төлөөлдөг учраас энэ бүхэн муу байвал дуучны хоолой гарахгүй нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлнэ гэсэн болгоомжлол бас байдаг юм байна. Бид Pitbull-д анх санал тавихад эхэндээ нэг их сонирхоогүй. Монгол гэж ямар улс байдаг юм бэ гэж асууж байсан. Бид удаа дараа санал тавин “Та Монголд ирээч ээ, таныг “Ноён дэлхий даяар” гэж хочилдог шүү дээ. Нэрэндээ баттай байж, бусад бүх орны фенүүдээ догдлуулаач” гээд янз бүрийн аргаар үзсэн. Энэ бүхний эцэст Азийн “Rezario Connection3 агентлагтай хамтран ажиллаж, тэднийхээр тайз заслаа хийлгэсэн тохиолдолд очъё гэж зөвшөөрсөн.
-Түүний тайз заслыг манай талаас биш, гадны “Rezario Connection” агентлаг хийх нь ээ?
-“Rezario Connection” бүгдийг нь хариуцаж байгаа. Тоглолтын хөтөлбөр найруулга, дуу хөгжим гээд бүгдийг нь хариуцна.
-Тэгвэл энэ тоглолт Монголын нүүр царайг гадаадад илтгэх хэмжээний томоохон тоглолт болох нь ээ?
-Бид Энрике Иглесиас гээд дэлхийн оддыг Монголд авчрахын тулд иймэрхүү тоглолтыг хийчихвэл дараа нь тэд Азийн аялан тоглолт дундаа Монголыг оруулах боломжтой гэсэн үг л дээ. Нэгэнт л Азийн тоглолт Хятад, Япон, Филиппин гээд тойроод явдаг юм чинь дунд нь яагаад Монголыг оруулж болохгүй гэж. Ирэх есдүгээр сараас тодорхой хэмжээний хамтлагууд Монголд ирэх сонирхолтой байгаа. Түүнчлэн ганц нэг байгууллагуудад бид ийм оддыг авчрах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Эхнээсээ бүтэмжтэй явж байна. Төсөл маань маш амжилттай хэрэгжиж байгаа.
-Pitbull Монголд байх хугацаандаа ямар хуваарийн дагуу ажиллах бол. Түүнд зориулсан өөр бэлэг, сюрприз байгаа юу?
-Долдугаар сарын 20-ны шөнө ирнэ гэж онгоцны тасалбараа захиалчихсан байгаа. 21-нд тоглолтоо хийгээд 22-ны өглөө буцна гэсэн төлөвлөгөөтэй. Түүнд Монголын байгалийн сайхантай танилцах, тэр ч бүү хэл танкаар буудаж үзэх хүртэл янз бүрийн санал тавьсан ч Европын аялан тоглолтоосоо хоцрох учраас “Монголд удаан байх боломжгүй, санал тавьсанд баярлалаа, магадгүй дараагийн удаа болох байх” гэсэн хариу өгсөн. Аялах, юм үзэх сонирхолгүй байх шиг байсан. Монголд ирээд хэвлэлийн бага хурлаа хийгээд, Улаанбаатарыг нэг тойрч үзээд, тоглолтоо хийчихээд унтаж амраад буцах сонирхолтой байх шиг байна лээ.
-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх вэ?
-20.00 цагт нээлтээ хийгээд 24.00 цаг гэхэд дууссан байхаар дөрвөн цагийн тоглолт хийнэ. Үүний дараа дөрвөн газарт жижиг party хийхээр бодож байгаа.
-Монголын хамтлаг, дуучдаас түүний тоглолтод оролцох уу. Тоглолтын хөтөлбөрийн тухайд?
-Хөтөлбөр эцсийн байдлаар хараахан батлагдаагүй байна. Pitbull ямар ч хамтлаг дуучидтай хамтарч дуулахгүй гэж гэрээнд заасан байгаа. Бусад оронд ч гэсэн тухайн орны уран бүтээлчтэй хамтран тоглохгүй гэдэг юм билээ. Түүний тоглолтын өмнө 16.00-20.00 цагт Монголын хамтлаг, дуучид тоглолтоо сонирхуулж болно.
-Тоглолтын сюрпризээс дэлгэхгүй юү?
-Монголын талаас хувцас загварын шоу бэлтгэсэн байгаа. “Алтай кашмер”-тай хамтран Pitbull-ын хувцасны дизайнаар загвар гарган, хүмүүст танилцуулж, мөн өөрт нь бэлэглэх гэж байгаа. Мөн Францын “Aerial silk” гээд алдартай циркийн үзүүлбэрийг толилуулахаар холбоо барьж, тохиролцож чадсан.
-Монголд анх удаа хамгийн том лазер шоуг толилуулна гэсэн шүү дээ?
-Тийм ээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд лазер шоугаа хийхээр Европын транс, электро шоу, мистер лэйнд гэдэг шоунд ашигладаг лазерууд авчирсан байгаа. Өчигдөр лазер гэрлүүд маань гааль дээр буусан. Мөн 3D map үзүүлэхийг эрмэлзэж байгаа. Үүнд тайзнаа хана босгон түүнтэй хамтран дуулсан одод 3D хэлбэрээр гарч ирэх гээд үзэгчдэдээ сюрприз барихаар төлөвлөөд байгаа. Техник, тоног төхөөрөмжийн хувьд ч дуугаралт сайтай учир төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаана нь ч байсан хүрч сонсогдох хэмжээнд бүгдийг зохицуулж байгаа. Өөрсдийгөө үнэлдэг хүмүүс онцгой зэрэглэл бүхий VIP Zone-оос тоглолтыг үзэх боломжтой. Үүнд тусдаа гурван төрлийн 22 ширхэг ширээ гаргасан байгаа. Хэдийгээр эдгээр хүмүүс тайзнаас хол цэнгэлдэхийн ерөнхийлөгчийн суудал дээрээс тоглолтоо үзэх боловч дуу хөгжим бол яг л дэргэд нь байгаа мэт сонсогдож, харагдана. Pitbull-ыг эгц тайзнаа өмнөөс үзнэ гээд давуу талууд олон бий.
-VIP Zone-ын тасалбарын үнэ хэд вэ. Өөр ямар нэмэлт үйлчилгээ авах боломжтой вэ?
-Дөрвөн хүний ширээ нь нэг сая төгрөг, зургуулаа суух ширээ гурван сая төгрөг, наймуулаа суух нэг ширээ нь найман сая төгрөг байгаа. Мэдээж эдгээр суудлын зочид улаан хивсээр алхан, харуул хамгаалалттайгаар тусдаа өөр хаалгаар орж, тусгай үйлчилгээ авна. Ширээ тус бүрт зөөгч, хамгаалагч үйлчилнэ.
-Pitbull-ын тоглолтын үеэр үзэгчдийн тав тухыг хангах ямар үйлчилгээ явуулах вэ?
-Бид хүмүүсийн тав тухыг бодоод дотроо бар, хоол, ундааны цэг, бие засах газрыг хангалттай байхаар байршуулж байгаа. Төв цэнгэлдэхийн үүд долдугаар сарын 21-нд 16.00 цагт нээгдэнэ. Тийм болохоор та эрт очлоо гээд уйдахгүй, тав тухтай байх, үйлчилгээ авах бүх боломжийг бид хангасан байгаа.
-Төв цэнгэлдэхэд тоглолт болоход автомашины зогсоолын асуудал хүндрэлтэй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 300-гаад машины зогсоолтой. Энэ бол хангалттай тоо. Тиймээс бид VIP ширээ захиалсан хүмүүст машины зогсоолын эрхийг давхар өгч байгаа. Наадмын талбайн А, Б бүс гэж байдаг шиг дугаарлалт олгоно. Luxury zone-ынхон яг орох хаалганыхаа өмнө машинтайгаа зогсоод улаан хивсээр алхаад суудлаа эзэлнэ. Харин машиныг нь тусгай гаргасан жолооч зогсоолд нь тавьж дээд зэрэглэлээр үйлчилнэ. Гэхдээ ерөнхийдөө машинтай ирээд хэрэггүй байх гэж зөвлөмөөр байна.
-Ямарваа нэг шоу болохоор Төв цэнгэлдэхийн гадна бараг л Нарантуул зах нүүгээд очдог шүү дээ. Нэгдсэн журмаар үйлчилгээний эрх олгох уу?
-Бидний зүгээс нэгдсэн журмаар үйлчилгээний нийт 15 цэг байгуулахаар төлөвлөөд байгаа. Ууж, идэх юм, Pitbull-ын цомог, ион гэрлэн бугуйвч гээд тоглолт үзэхэд юу шаардлагатай тэр бүхнийг оруулна. Ирсэн хүмүүсийг өлсгөхгүй, цангаахгүй, сонирхолтой байлгахыг хичээж байна. Түүнээс биш энд нэг эмээ хуушуур зараад, тэнд нэг хүн тамхи ширхэглээд явах асуудал байхгүй.
-Тоглолтын хүрээнд нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирж байгаа вэ. Дэлхийн хамгийн секси DJ Juice M тэдний багт багтаж байгаа гэсэн?
-Түүний Европын тоглолтод хамтран ажиллаж байгаа багаас инженер, техник, найруулагч гээд найман хүн, бүжигчид, вокал дуучид болон хоёр DJ, амьд хөгжмийн бөмбөрчид, гитарчид гээд нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг ирнэ. Дэлхийн хамгийн секси DJ Juice M тусдаа, 20-ны өглөө ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Секси DJ Juice M Pitbull-ын тоглолтод тоглохоос гадна өөр шоу үзүүлнэ гэж байсан шүү дээ?
-Тийм ээ. Долдугаар сарын 20-нд бид Pitbull-ын тоглолтын зарим төхөөрөмжөөс оруулж тоглолтын өмнөх мэдрэмжийг төрүүлэхийг хүсч байгаа. Гадаа задгай шоу хийх байгууллагуудтай хамтран DJ Juice M-ыг танилцуулсан шоу хийнэ.
-Энэ шоуны тасалбарын үнэ хэд байх бол?
-Одоогоор үнэ тодорхойгүй байна. Задгай талбайд хийх учраас такстай байх болов уу. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг долдугаар сарын 1-н гэхэд өөрийн вэбсайтдаа байрлуулна.
“Blue Mon” группийн урилгаар Монголд ирж тоглолтоо хийх гэж байгаа Pitbull-ын аялан тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Fabulous” төслийн багийнхан болон залуусын оролцоог дэмжигч “Be” брэнд, “Монгол Масс Медиа” групп ажиллаж байгаа юм. Pitbull-ын тоглолтын маркетингийн баг, хэвлэл, мэдээллийн албан ёсны онцгой эрхт спонсор болох “Монгол Масс Медиа” групп буюу “Боловсрол” суваг телевиз, “Sport Box”, “Movie Box”, “Music Box”, “News.mn” сайт, “Eagle News TV” болон “Ардын эрх” сонин, “Үндэстний тойм” сэтгүүлээр дамжуулан тоглолтын шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно. Тасалбарын үнийн тухайд 30.000, 50.000, 100.000 төгрөгийн үнэтэй юм.