Хүний нөөц чанаржиж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Хүний нөөц чанаржиж эхлэв үү?

Төрийн ажилтнууд мэргэжил дээшлүүлэхийн тулд гадаад руу явж байна. Тэр дундаа Герман, Япон руу гээч. Өчигдөр болсон үйл ажиллагааны үеэр 18 төрийн ажилтан арлын Японыг зорихоор боллоо. 2012-2013 оны хичээлийн жилд 13 оюутан уул, уурхайн чиглэлээр Германд суралцах гэж байна. Мэргэжилдээ эзэн болсон, чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж ирэх нь гэхээр сайхан сонсогдож байгаа биз.

Хүний нөөц алга, хүн байвал өгөөч

Энэ бол бүх компаниудын өмнө тулгардаг асуудал. Мэдлэг, чадвартай хүмүүсийг ажиллуулъя гэхээр одоогийн Монголд тэр нь алга. “Бид сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байна. Тулгамдаж байгаа нэг асуудал гэвэл ажиллах боловсон хүчин алга. Уул уурхайд маш олон хүн бэлтгэж байгаа атал яг энэ салбарт ажиллах нэг ч хүн алга” гэж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан билээ. Харин Засгийн газрын тэтгэлгээр таван оюутан Япон улсад энэ чиглэлээр суралцаж байгаа аж. Монголд хамгийн их дутагдалтай байгаа мэргэжлээр Пи-ар менежер, эрсдэл төлөвлөлтийн мэргэжилтэн, имижмейкэр, мэдээллийн технологийн ажилтан гэсэн хэд, хэдэн мэргэжил оржээ. Хэдийгээр цөөхөн ч гэсэн боловсон хүчин Монголд байгаа ч чадвартай боловсон хүчин өнөөдөр алга. Үүнийг мэргэжилтнүүд нь ч, компаниудын төлөөлөл ч хүлээн зөвшөөрдөг. “Мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд нь ажлын байран дээр хэрхэх тухай ер заадаггүй. Баахан онолоор бөмбөгддөг шүү дээ” гэж доктог, профессор Д.Халтар ярив.

Хүний нөөцийг системтэйгээр бэлдэж байгаа

2005 оноос хойш Монгол Улсын Засгийн газар оюутнуудыг жил бүр тэтгэлгээр гадны орнуудад сургаж байгаа. 2010 онд өмнөх жилүүдээсээ гурав дахин нэмэгдэж 100 гаруй хүн гадны улс руу хөлгийн жолоо залжээ. 2011 онд ч мөн адил ийм хэмжээний оюутныг гадаад руу явуулсан байна. Харин нэгэнт ажлын байран дээрээ байгаа төрийн ажилтнуудыг цөөхөн тоогоор гадаадад суралцуулдаг аж. “Япон улстай л гэхэд 11 удаагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд бэлтгэгдэн гарсан боловсон хүчин ирээдүйд Монгол Улсын бүх л салбарт гарч буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж Гадаад харилцааны сайд ярьсан юм.

Зөвхөн Япон улсаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 2001-2011 онд манай улсаас нийт 191 оуютан суралцаж, 154 оюутан магистрын зэрэг хамгаалжээ. Төгсөгчдийн дийлэнх нь Гадаад хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монгол банк зэрэг яам, тамгын газруудад амжилттай ажиллаж байгаа аж.

Харин дотоодод байдал ямар байгаатай танилцъя. 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар Монгол Улсад 101 их, дээд сургууль, коллеж сургалтын ажиллагаагаа явуулж байна. Гэсэн тооцоо бий. Энэ сургуулиудын 15 нь төрийн өмчийн, 81 нь төрийн бус өмчийн бүтэцтэй байгаа бол тав сургууль нь гадаадын их, дээд сургууль, коллежийн салбар байгаа юм. Өнгөрсөн хичээлийн жилд 173 гаруй мянган оюутан суралцсан гэсэн мэдээ бий. Жилд дунджаар 35 мянга орчим оюутан төгсдөг бөгөөд 10 гаруй мянга нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа ажээ.

Гэтэл ажлын байран дээр очиж байгаа оюутнууд ажлын байрны шаардлагад тэнцэхгүй гэсэн шалтгаанаар хөөгддөг ажээ. “Ажил хийе, ийм сургууль төгссөн, тийм хэлтэй гэсэн олон хүүхдүүд ирдэг. Гэхдээ багаар ажиллах, хүнтэй харьцах, хурдтай байх, мэдээллээс хоцрохгүй байх гэсэн нарийн шаардлагуудыг биелүүлдэггүй. Ихэвчлэн дотоодын сургууль төгссөн оюутнуудад ийм дутагдал ажиглагддаг. Харин гадаадад суралцаад ирсэн оюутнуудаас ийм асуудал гарах нь бага. Дотоодод төгссөн ч үнэхээр сайн, гадаадад төгссөн тааруу хүүхдүүд байдаг” гэж ажил олгогч Г.Хишигбаяр ярьж байв.

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн дагуу ирэх жилүүдэд маш олон бодлого хэрэгжүүлэх аж. Тиймээс чанаргүй хүний нөөц үгүй болох цаг ойртож байж ч болох л юм.

Гадаадын хүний нөөц

Тэд мэргэжилтнүүдээ их өөрөөр бэлтгэдэг. Коллеж төгссөн оюутнаас голч оноо сайтай хүүхдүүдийг гадны орнууд юм уу, дотоодын их, сургуулиуддаа 100-50 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулдаг ажээ. Харин ажлын байран дээр гараад цалингийнхаа тодорхой хувийг тухайн сургуулийнхаа дансанд байршуулж, нэг ёсондоо өрөө төлдөг байна. Үнэхээр сайн суралцсан оюутнууд бүрэн тэтгэлэгт хамрагддаг бөгөөд ажилд орсон хойноо төлөөд байх шаардлага байдаггүй аж.

Сингапурын тухайд гэвэл коллеж төгсөгчдийн сурлагын дүн сайн байгааг нь Засгийн газрын бодлогын дагуу гадаадад суралцуулахаар явуулж, төгсөөд ирмэгц нь өндөр цалинтай ажлын байр санал болгодог байна. Үүнийхээ ачаар дотоодын үйлдвэр эрчимтэй өсч, дэлхийн хэмжээний топ мэргэжилтнүүд ч энэ орноос төрөн гарч байгаа юм. Харин яг үүн шиг бодлогыг Өмнөд Солонгос, Катар зэрэг өндөр хөгжилтэй орнуудад, Польш, Украйн, Унгар зэрэг зүүн Европын улсууд хэрэгжүүлж байна.

“Манай улс л гэхэд Европын тав, Азийн гурав, хойд Америкийн хоёр улстай оюутан солилцооны гэрээтэй. Тэнд байгаа бүх их сургуулиудын төлөөлөлд 10 гаруй оюутныг суралцуулдаг. Төгсөгчдийг бид системтэйгээр улстай авчирдаг болохоор сургалтын төлбөрийг даасан зардлаа хэдхэн жилийн дотор нөхөөд олчихдог. Яагаад гэвэл улсынхаа хамгийн томоохон компаниуд, Европын томоохон байгууллагад ажиллуулахаар зуучилж өгдөг болохоор тэр л дээ. Танай оронд мэргэжилтэн бэлтгэх бодлого учир дутагдалтай байна” гэж Голландын профессор Вим Хайман ярив.

Ийнхүү Монгол Улс төрийн албан хаагчдыг бодлогын хүрээнд гадаадад мэргэшүүлж байна. Оюутнуудыг ч мөн адил ийм төсөл хөтөлбөрт хамруулж байна. Харин Монгол Улсын хөгжилд хэр зэрэг түлхэц үзүүлэх нь одоогоор асуулт хэвээр…

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж