Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Дарь-Эхэд болсон үерийн улмаас 15 айл орох оронгүй, оочих аягагүй болж хоцорсон. Золоор хүний амь үрэгдсэнгүй. Гэхдээ үүнд баярлах арай л эртдэх болов уу. Учир нь борооны улирал яг одоо л эхэлж байгаа болохоор үерийн аюул ард үлдсэн гэсэн үг биш юм. Тиймээс үер буух эрсдэл өндөртэй газар амьдарч байгаа айлуудад хандаж, Онцгой байдлын ерөнхий газраас үер уснаас болгоомжлохыг анхааруулах болсон. Ер нь жилийн жилд нийслэлд үер усанд осолдож, амь насаа алдсан, орон гэрээ урсгасан тохиолдол цөөнгүй гардаг. Энэ нь бараг ёс юм шиг тогтчихоод байгаа. Гэлээ гээд монголчууд бид өнгөрсөн гашуун сургамжаасаа суралцдаггүй нь л хамгийн том алдаа болсоор. Байгалийн гамшиг хэлж биш хийсч ирдэг нь үнэн. Гэхдээ зарим тохиолдолд иргэд өөрсдийнхөө буруугаас болж үерт өртдөг нь худлаа биш. Монголчуудад үер усны аюулд өртөхгүй байх, өөрсдийгөө сэргийлэх боломж байхгүй биш байгаа. Япон улс шиг далайгаар хүрээлүүлчихсэн, цунамийн аюулд өртөх эрсдэл монголчуудад байхгүй шүү дээ, уг нь. Гэсэн хэдий ч нийслэлчүүд юу юугүй л үерийн гамшиг нүүрлээд ирэхгүй бол үерийн далан дотор гэрээ бариад амьдарчихаа ч юман чинээнд тоохоо больж.
Хотын төвтэй л ойрхон бол монголчууд үхсэн хүний шарилтай зэрэгцээд гэрээ барихаасаа сэжиглэхээ больсон. Тэглээ гээд үхсэн хүн босоод бариад авахгүй болохоор яая гэхэв. Харин үерийн аюултай бүсэд амьдарна гэдэг тэсрэх бөмбөг дээр гэрээ барьсантай л ялгаагүй. Харамсалтай нь, “сүх далайтал үхэр амгалан” гэгчээр золгүй явдал тохиолдохгүй л бол монголчууд үерийн аюултай бүсэд амьдарч байгаагаа мэдсээр байж гүрийсээр л байдаг хүмүүс шүү дээ.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт 755, Сүхбаатар дүүрэгт 420, Чингэлтэй дүүрэгт 410, Сонгинохайрхан дүүрэгт 467, Баянголд 13, Багахангайд 26, Хан-Уулд 208, Багануурт 22, Налайхад 61 айл өрх үерийн аюултай бүсэд амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Яасан ч амь насандаа хайргүй хүмүүс юм. Зарим нь бүр үерт өртчих ч яахав дээ, аминаас хол л байвал гэж хэнэггүйтэж суудаг гэсэн. Үерт өртсөн бор гэрийнх нь оронд засаг шинэ гэр олгочихдог болохоор тэр юм байх. Тэнэг ч хүмүүс бол доо. Тэгж байгаад амь насаа алдвал өөрсдийнх нь хохь болно шүү дээ. Тэдэнд Онцгой байдлын ерөнхий газраас нүүх шаардлага тавьдаг ч өмнөөс нь харин “Нүүхгүй ээ, үхвэл үхнэ биз” хэмээн хариулдаг болохыг албаны хүмүүс шүүмжилж байсан. Хэний, юуны төлөө амьдарч байгаа хүмүүс вэ, хохь тэгвэл гэмээр. Даварсан нэг нь өөрсдөө үерийн эрсдэлтэй бүсэд гэрээ барьчихаад дараа нь гамшиг нүүрлэхээр онцгойгийнхон удаан ирсэн, гэрийг маань үерт урсахаас өмнө өрсөж өөр газар аваачиж болох байсан гэх ухааны юм яриад сууж байдаг нь худлаа биш. Онцгой байдлын албаныхан гэхээр үхдэггүй, үерт урсдаггүй хүмүүс гэж бодож болохгүй байх л даа. Энэ аймаар замын түгжрэл дунд явсаар байгаад удаж очдог байлгүй. Арай бороо татарсан хойно л болохоос гээд сууж байдаггүй нь ойлгомжтой. Тэгээд ч үер усны аюул нүд ирмэхийн зуургүй нөмөрдгийг хэлүүлэх юун.
Нэг талаар яасан амь нас, үр хүүхдээ хайрладаггүй хүмүүс вэ хэмээн буруутгаж болох ч нөгөө өнцгөөс харвал хаа хол автобус унаа, сургууль цэцэрлэггүй газар цөлөгдсөнөөс дээр хэмээн үзэж буй тэднийг хохь нь гэж тавлах хэрэггүй юм шиг. Нийслэлд жилийн жилд үер буудаг, үерийн улмаас өч төчнөөн гэр бүл орох оронгүй хоцордог гашуун түүх байсаар байтал өнөө болтол үерийн эрсдэлтэй бүсүүдэд томоохон үерийн далангууд барьчихаж яагаад болоогүй юм бол. Далан барилаа л гэдэг, гэтэл нэг борооноор ачааллаа дааж чадахгүй эвдэрчихдэг тохиолдолд ч багагүй гардаг. Гэтэл хэргийн эзэд нь бас л нөгөө гэр хорооллынхон өөрсдөө. Хогоо үерийн далан шуудуунд аваачаад хаячихдагаас болоод үер буухаар нөгөө даланг нь бөөн хог бөглөчихдөг, түүнээс нь болоод үерийн далан хэрэгтэй үедээ үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй хүрдэг бололтой. Үерийн аюултай бүсэд амьдарч байгаа иргэдийн дийлэх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд. Тэднийг үерийн бүсээс нүү хэмээн хотын зах болох Шувуун фабрик, эсвэл Тахилт, Эмээлтэд газар олгодог байна. Сургууль, цэцэрлэггүй хаа байсан хотын захад цөлөгдөхгүй гэсэндээ тэд үер уснаас айж эмээхгүй амьдарч байгаа том шалтгаан нь үр хүүхдийнхээ сургууль цэцэрлэгт ойрхон суурьших. Мөнгөтэй, боломжтой бол тэд мэдээж, үхлийн бүсэд мэдсээр байж амьдрахгүй байсан биз. Замын түгжрэлд талдаа хоёр, гурван цаг явж ажилдаа ирж очдог болсон өнөө үед хотын төвтэй ойрхон л бол үер буудаг байна уу үгүй юу гэдэг нь хамаагүй, ханаа хатгаад гэрээ дугуйлах болсон иргэдийг зөвтгөхгүй ч буруутгах аргагүй юм. Гээнэдээ ч бий, гоонодоо ч бий гэгчээр хаана хаана хариуцлагатай хандахгүй бол үерийн гамшиг өнөөдөр ч маргааш нүүрлэсээр байх нь тодорхой юм. Муу ёрлож байгаа ч юм биш, зүгээр л анхааруулж байгаа хэрэг шүү. Үер дахин нүүрлэхгүй гэхээсээ илүү дахиад л олон олон үер нөмөрч болзошгүй гэдэг нь баталгаатай үнэн билээ.