

Энэ хууль батлагдахаас өмнө Монгол Улсад төсөв зохиох, батлах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хангахтай холбогдсон асуудлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар, харин төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн нягтлан бодох бүртгэлтэй холбогдсон харилцааг Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар тус тус зохицуулж байлаа. Гэвч төсвийн бодлого, стратеги, төсвийн тогтвортой байдлын удирдлага, түүнийг хангах хэрэгсэл, төсвийн удирдлагын үндсэн зарчим, төсвийн тусгай шаардлагыг олон улсын жишгээр тогтоох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын төвшинд төсвийн тогтвортой байдлыг хангах талаарх эрх, үүрэг, хэм хэмжээ, хариуцлага нь бүрэн хэмжээнд хуульчлагдаагүй байсан юм. Үүнээс шалтгаалан улсын төсвийг зохиоход Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аас зөвшөөрдөг боловч улсын төсвийн төслийг боловсруулах, төсвийг батлахдаа баримтлахгүй байх, хууль тогтоох байгууллага улсын төсвийн төслийг хэлэлцэх явцдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан эдийн засгийн өсөлт, төсвийн нийт орлого, түүний дотор татварын орлого, төсвийн нийт зарлага зэрэг суурь үзүүлэлтүүдийг өөрчлөх тохиолдол олонтаа гардаг байв. Мөн санхүү, эдийн засгийн гадаад, дотоод түр зуурын хүчин зүйлийн улмаас бий болсон тогтворгүй орлогыг төсвийн санхүүжилтэд зориулж, төсвийг хэт тэлэх шийдвэр гаргадаг байв. Үүнтэй холбоотойгоор үрэлгэн төсөв, орлогоос давсан зардал гэх мэт шүүмж тасардаггүй байлаа.
Төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулж 2010 оны эхээр өргөн мэдүүлж байжээ. Уг хуулийн төслийг УИХ баталснаар дээрх шаардлага биелэгдэж буй бөгөөд төсвийн төлөвлөлт, хариуцлага, удирдлагын шинэ зарчимд шилжиж бүтцийн томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг нэвтрүүлэх нөхцөл бүрдэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулиар төсвийн зарлагыг хязгаарлаж, уул уурхайн салбараас орж ирэх бүх орлогыг үлдэгдэлгүй хуваарилах биш тодорхой хэсгийг нь тогтворжуулалтын санд хуримтлуулж, орлого буурсан үед уг сангаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шинэ зарчим бий болж байгаа юм. Тодруулбал, төсвийн орлогын тасалдлын үед хойд хормойгоор урд хормойгоо нөхөх зарчмаар ажилладаг хуучин хандлагыг халж, төсвийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож буй хэрэг юм.
Харин төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтынхоо хүрээнд доод тал нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээнд хүртэл санхүүгийн нөөцийг хуримтлуулах ба ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө бүрдэх хүртэл төсвийн орлогын тасалдлыг нөхөхөөс өөрөөр зарцуулагдахгүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдах бөгөөд түүнээс давсан хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж эхлэхээр тооцсон байна. Мэдээж энэхүү хөгжлийн хөрөнгө оруулалт нь төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний цахилгаан станц байгуулах, олон улсын стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурийг бэхжүүлэх, хөгжлийг түргэтгэх зорилготой, алсдаа ард түмэнд үр өгөөжөө өгөх томоохон төсөл арга хэмжээнд зарцуулагдахаар хуульчилсан байна. Ингээд уул уурхайн ордуудын ашиглалттай холбоотойгоор 2013 оноос эхлэн тус сангаас хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэх тооцоолол бий аж.
Дээрх зохицуулалт болоод доорх заалтуудыг биелүүлэх нь шинэхэн парламент, Засгийн газрын гишүүдийн эхний биелүүлэх ёстой даалгавар болж буй. Хэрэв чадахгүй бол Засгийн газар нь огцрох хүртэл хариуцлагатай тул тэднээс ихээхэн хариуцлага шаардах биз. Хамгийн эхэнд, төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үйл ажиллагаанд мөрдлөг болох санхүүгийн дүрмийг төсвийн тусгай шаардлагын хүрээнд тогтоожээ. Үүн дотор, “Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог болох” заалт орсон байна. Ингэснээр төсвийн орлогын тооцоонд хэрэглэгдэх эрдэс баялгийн зах зээлийн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан таамаглал дээр үндэслэн олон жилээр дундажлан тооцох зарчимд шилжиж байгаа бөгөөд үнийн огцом өөрчлөлтөөр бий болох эдийн засгийн мөчлөгийг дагаж төсвийн тогтворгүй байдал үүсгэхгүй байх, түүнээс урьдчилан хамгаалах боломжийг бүрдүүлэх юм. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх, төсвийн зарлагын өсөлт нь тухайн жилийн болон дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүүний өсөлтийн аль ихээс хэтрэхгүй байх, Улсын өрийн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” гэсэн төсвийн удирдлагын бодлогын хүрээг тодорхойлсон байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад тогтворжуулалтын сантай холбоотой зарчмын шинэ санал гарч дэмжлэг хүлээсэн нь “Нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалын олборлолтоос орох орлогыг цаашид хөдөлгөөнгүй хадгалах бус, нэмүү өртөг бүтээгч, байнга нөхөн сэргээгдэж, эдийн засгийг дэмжиж байх хөгжлийн хөрөнгө оруулалтад оновчтой зарцуулах бодлого баримтлах ёстой” гэдэг байсан ба “тогтворжуулалтын сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг гадаад, дотоод зах зээлд хөрөнгө оруулалт хийж болох” гэх санал нь дэмжлэг хүлээн хуульд батлагдсан юм. Тодруулбал тогтворжуулалтын сангийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас давсан хэсгийг гадаад, дотоод зах зээлд хөрөнгө оруулалт хийх, түүний хэмжээг Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хамтран тогтоох, түүнчлэн дотооддоо хийх хөрөнгө оруулалтыг төрийн өмчит хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх чиглэлийг хуулиар тогтоож өгсөн байна.
