Египет маягийн явуулга

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Египет маягийн явуулга

Мубаракийн 30 жилийн захиргааны “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний нэр дэвшигч Мохаммед Мурси шинээр ерөнхийлөгч нь болов. Шинэ төрийн тэргүүний анхны алхам нь хөдөлгөөнөөсөө гарч буйгаа мэдэгдсэн явдал болов. Улс орны дотоодын зөрчлийг үл даамжруулан бүх египетчүүдийн ерөнхийлөгч болохыг хүсч буй учир тэрээр хөдөлгөөнөөсөө гарч байна. Хосни Мубаракийн дэглэм унасны дараа засаг барьж байсан цэргийн хунтыг төлөөлсөн Ахмед Шафик сонгуулийн ялагдлыг хүлээн зөвшөөрч Мурсид баяр хүргэсэн байна.

Зургадугаар сарын 17-нд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын саналын 51,7 хувь буюу 13 сая 230 мянган египетчүүдийн дэмжлэг авсан “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний нэр дэвшигч Мохаммед Мурси ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг зарласан Үндэсний сонгуулийн комиссийн тэргүүн Фарук Султаны мэдэгдснээс иш татан Reuters мэдээлсэн юм.

Түүнтэй өрсөлдсөн тус орны экс-ерөнхий сайд, Египетийн хяналтыг гартаа атгасан цэргийнхний зүтгүүлсэн Ахмед Шафикийн төлөө 48,3 хувь буюу 12 сая 347 мянган хүн санал өгчээ. Генерал Шафик  албан ёсоор ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.

Сонгуулийн дүнг зарласны дараа исламистууд гудамжинд гарч туг далбаа намруулан ялалтын уриа хашгирч байлаа. Палестины нутагт галт зэвсгээр агаарт буудан ялалт тэмдэглэсэн тухай Al-Arabiya телевиз мэдээлэв. “Энэ бол Египетийн түүхэнд шинэ эринг нээсэн түүхэн эгшин” хэмээн ХАМАС хөдөлгөөний лидерүүдийн нэг Махмуд аз-Захар ярьсан байна.

Шинэ Ерөнхийлөгч “Мусулман ахан дүүс” хөдөлгөөн, түүний улс төрийн жигүүр болсон “Эрх чөлөө, шударга ёсны нам”-аасаа гарч байгааг зарлалаа. “Бүх египетчуудийн ерөнхийлөгч” болон исламистуудын хөдөлгөөнийг орхино гэсэн хөтөлбөрийнхөө амлалтыг тэр ийнхүү шууд биелүүлэв. “Би өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө байгаа хүчээ зориулна. Надад одоо эрх байхгүй, хариуцлага л байна. Намайг шударга бөгөөд үнэнч сүсэгтэн байхад минь миний ард түмэн надад туслаарай гэж гуйя” хэмээн Мурси мэдэгдэв. “Хэрэв би Аллахыг үл сонсон амлалтаа биелүүлж  чадахгүй бол надад бүү захирагдаарай” гэж шинэ ерөнхийлөгч хүн арддаа хандан зарлав.

“Эрх чөлөө, шударга ёсны нам”-ын дарга асан 60 настай Мохаммед Мурси исламын хөдөлгөөнөөс эхлээд хөдөлгөөний нөөц нэр дэвшигч гэж болж гарч ирсэн. Калифорнийн их сургуулийн инженерийн факультетыг дүүргэсэн, парламентын гишүүн асан тэрээр хөдөлгөөний гол нэр дэвшигч Хайрат аш-Шатырыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассаны дараа нэгдүгээрт гарч ирсэн юм. Сонгуулийн комисс шүүх ялын хугацааг дуусгаагүй хүнийг сонгуульд оролцуулахгүй гэсэн Мубаракийн цагийн хэм хэмжээг баримталж буй учир хэд хэдэн удаа шоронд суугаад авсан Аш-Шатырыг нэр дэвшигчээс хассан юм. Түүний талынхан уг хэргийг улс төрийн мөшгөлт байсан гэсэн. Харин Мурси дэглэм унахаас хэдхэн хоногийн өмнө хуучин сөрөг хүчний хэдэн депутатын хамт шоронд хэд хоног суугаад гарчээ.

Улс орны байдал тогтворгүй байгаа учраас Сонгуулийн комисс сонгуулийн дүнг зарлахаа хэд хэдэн удаа хойшлуулж гарсан гомдлуудыг  шалгана гэж байв. Үүнээс өмнө хоёр нэр дэвшигч хоёулаа өөрсдийгөө ялагч гэж  зарлаж, Мурси өөрийгөө 52 хувийн санал авсан гэсэн бол Шафик 51,5 хувийн саналтай гэж байсан юм.

Египетийг юу хүлээж байна вэ?

Шинэ ерөнхийлөгч одоо үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа парламент, түүний үүргийг заах байнгын Үндсэн хуульгүй улс орныг хүлээн авч байна. Шинэ ерөнхийлөгчийг зарлахаас өмнө Армийн дээд зөвлөл тус орны тоглоомын дүрмийг эрс өөрчлөн Үндсэн хуулийн тунхаглал гаргаж, өөрсдийн эрх мэдлийг нэмж төсвийн хяналт  тавих, тараагдсан парламентын исламистуудын боловсруулж эхэлсэн шинэ Үндсэн хуулинд хориг тавих эрхийг тэд эдэлж байсан юм.

Үүний зэрэгцээ Армийн дээд зөвлөл ерөн­хий­лөгчийн эрх мэдлийг хасч Дээд ерөнхий командлагч байхыг болиулсан. Энэ нь цэргийнхэн эртнээс түүнд захирагдахгүй гэсэн үг юм. Одоо улс оронд хоёр засаг тогтохоор болоод байна. Гэ­сэн ч цэргийнхэн зургадугаар сарын 30-нд шинэ ерөн­хийлөгчид эрх мэдлийг нь өгнө гэж амласан юм.

Ойрын өдрүүдэд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн ба цэргийнхний хооронд хатуухан өрсөлдөөн явагдах бололтой. Мурсийг ялна гэж байсан улс төр судлаач Кабиль үүнийг ярив. Гэхдээ ээлжит эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаал тасрахгүй гэж тэрээр хэлэв. Түүний  хэлснээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг ядуус дэмждэг. Учир нь тэд хоолтой, орлоготой байхыг хүсч байна. Тэд  сайн эдийн засаг, эмнэлгийн үйлчилгээ, ажлын байр хүсч байгаа. Хөдөлгөөнийхөн ядууст туслан сургууль, эмнэлэг барьдаг нь ядуусын дэмжлэгийг хүлээдэг. Гэхдээ хувьсгалын хөдөлгүүр болсон залуус исламчуудын бодлогыг зөвшөөрдөггүй.

Ийм шалтгаанаар ойрын үед эсэргүүцэл тасрахгүй гэж тэрээр онцлов. Гэхдээ “Мусульман ахан дүүс” тус орныг хоёр дахь Иран болгохгүй харин гадаад орнуудтай бизнесээ үргэлжлүүлэн бэхжүүлэх сонирхолтой байгаа. Хөдөлгөөний хамгийн том жигүүр нь зөвхөн нутагтаа ч биш Арабын орнууд болон баруунтай худалдаа наймаа эрхэлдэг бизнесийн хүмүүс гэнэ. Тэгээд ч тус хөдөлгөөний удирдлага Египетийг исламын улс болгохгүй ажээ. Тухайлбал, Ойрхи Дорнодын Zara макийн  төлөөлөгч нь энэ хөдөлгөөний лидерийн нэг нь ажээ. Улс төрийн системийнхээ хувьд Египет нь барууны ардчиллын зарим элементүүд, исламын элементүүдийн хольц байх болно хэмээн Камиль хэлэв.

Мохаммед Мурси гэж хэн бэ?

Египтийн сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси Иса аль-Айят 1951 оны наймдугаар сард Египетийн Шарки мужид төржээ.

Мурси инженерийн  мэргэжлийг Каирын их сургуульд эзэмшсэн. Тэрээр 1975 онд баклавр, 1978 онд магистр цол авсан. Мурси докторын зэргээ Өмнөд Калифорнийн их сургуульд (University of Southern California)1982 онд хамгаалжээ. Дараа нь тэрээр Калифорнийн улсын их сургуулийн профессорын ассистентаар 1985 он хүртэл ажилласан байна. Калифорнийн их сургуульд Мурси сансрын судалгааны чиглэлээр ажиллажээ. Түүний ажиллаж байсан хэсэг стратегийн пуужингийн хөдөлгүүрийг зохион бүтээж байжээ. Мурси 1985 онд Египетэд буцаж ирэн 1985 оноос Эз-Заказик их сургуульд багшилсан байна.

Мурси 1992 оноос тэр үед Египетэд хориотой байсан “Мусульман ахан дүүс” исламист хөдөлгөөний ажиллагаанд оролцох болжээ. 2000-2005 онд Мурси парламентын доод танхимын депутат болж Хосни Мубаракийн дэглэмийн эрх баригч сөрөг хүчний Үндэсний ардчилсан намын жигүүрийн даргаар ажиллаж байжээ.

Мурсийг 2006 оны сөрөг хүчнийхний нэгэн жагсаалын үеэр баривчилж, долоон сарын турш шоронд хорьжээ. 2011 оны өргөн олон нийтийн эсэргүүцэл эхэлсэн цагаас “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн “Эрх чөлөө, шударга ёсны нам” байгуулан 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд Мурсийг уг намын даргаар сонгожээ. Уг нам 2012 оны нэгдүгээр сарын парламентын сонгуулиар намынхаа жагсаалтаар 38 хувийн санал аван ялалт байгуулсан байна. Энэ жилийн дөрөвдүгээр сард нам нь Мурсийг ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэн “Мусульман ахан дүүсийн” үндсэн нэр дэвшигч  Хайрат аш-Шатырын “орлогч” болгосон. Египетийн Сонгуулийн комисс дөрөвдүгээр сарын 17-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг 10 гаруй хүнд хориглосны дотор хөдөлгөөний дээд удирдагчийн орлогч Хайрата аш-Шатыр оржээ. Ингээд Мурсийг исламын хөдөлгөөн үндсэн нэр дэвшигчээ болгон зарласан юм.

Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны сонгууль тавдугаар сарын 2012 оны тавдугаар сарын 23-24-д болж, дараагийн шатны сонгуульд нь исламын хөдөлгөөний нэр дэвшигч Мохаммед Мурси ба Хосний Мубаракийн сүүлчийн ерөнхий сайд Ахмед Шафик хоёр оролцох болсныг Сонгуулийн комисс зарласан. Мурсийг 5 сая 746 мянган хүн, Шафикийг 5 сая 505 мянган сонгогч  дэмжсэн байв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт зургадугаар сарын 16-17-нд болж өнгөрлөө. Зургадугаар сарын 24-ны өдөр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний улс төрийн жигүүрийн нэр дэвшигч  Мохаммед Мурси тус орны төрийн тэргүүнээр сонгогдсоныг Ерөнхийлөгчийн сонгуулийн дээд комисс зарлав. Мурсигийн төлөө 13,23 сая хүн санал өгсөн нь нийт сонгогчдын 51,7 хувь болжээ.
Мухаммед Мурси суннитский ислам шашин шүтдэг. Хоёр хүү Ахмад, Омар нар АНУ-д төрсөн учир тус улсын иргэний харьяалалтай.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж