”Гомдол шийдвэрлэхгүй байна гэсэн хүсэлт ирсэн”

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

”Гомдол шийдвэрлэхгүй байна гэсэн хүсэлт ирсэн”

Монголчууд дөрвөн жилд нэг удаа УИХ болон НИТХ-д төлөөлөгчдөө сонгодог. УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр маргааш болно. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нэр дэвшигчид хууль зөрчсөн талаархи гомдлууд гарч байсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хууль зөрчсөн гомдлыг Сонгуулийн ерөнхий хорооны харьяа хэсгийн хороодод шийдвэрлэдэг. Хэрэв тойргийн хороонд шийдвэрлэсэн дүгнэлт нь гомдол гаргагчид таалагдахгүй бол СЕХ-нд хандаж, шийдвэрлүүлэх юм байна. Одоогоор хэд хэдэн тойргийн хороонд нэр дэвшигчид хууль зөрчсөн гомдол ирсэн байгаа юм байна.

Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодруулахад, “Тойргийн хороо гомдлыг нь шийдвэрлэж өгөхгүй, цаг алдаж байгаа гэх асуудлууд гарч байна. Гэхдээ албан ёсны мэдээлэл нь СЕХ-нд ирээгүй байна. Хуулинд зааснаар бол тойргийн хороо гомдлыг нэн даруй шийдвэрлэх ёстой. Цаашлаад гурав хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдаг. Гомдол гаргагч тойргийн хорооны санал дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол СЕХ-нд хандах ёстой ч одоогоор СЕХ-нд хандсан гомдол ирээгүй байна” гэв.

Мөн тэрээр “Сонгуулийн ерөнхий хорооноос тойргийн хороодод гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаа. Гомдлын дагуу шалгахдаа хууль зөрчиж байгаа эсэхийг сайн нягтлах хэрэгтэй гэдгийг анхааруулсан. Мөн тойргийн хорооноос гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулахад, нягталж байна, баримт нотолгоо дутуу байна гэх мэтээр тайлбар өгч байна” гэв. Зарим тойргийн хороо гомдлыг өөрсдөө шийдэх боломжгүй учраас шүүх, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн гэдгийг ч албаныхан хэлж буй. Сонгуулийн хороонд гомдол ирүүлсэн тохиолдолд холбогдох хууль, шүүхийн байгууллага нь хянаж, нягтлан шалгах ёстой байдаг.

Хэрэв нэр дэвшигч сонгуулийн тухай хуульд заасны дагуу хууль зөрчсөн нь тогтоогдвол Сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлд заасны дагуу нэрийн жагсаалтаас хасах аж. Сонгуулийн тухай хуулийн 31  дүгээр зүйлийн 1-т заасны дагуу энэ хуулийн 29.12, 29,13-т заасны дагуу буюу нэр дэвшигчид тавьсан шаардлагыг биелүүлэн бүртгүүлж, 29,17-д заасны дагуу нийтэд зарлагдсаны дараа түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах талаархи энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол СЕХ болон тойргийн хороо энэ тухай шийдвэр гаргах ёстой гэж заасан байна. Мөн 31,2-т зааснаар СЕХ болон тойргийн хорооны шийдвэрийн талаар маргаан гаргавал энэ хуулийн 11 дүгээр бүлэгт заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг зарласнаас хойш тухайн нэр дэвшигч Сонгуулийн тухайн хууль зөрчсөн бол СЕХ, Тойргийн хорооны хурлаар шийдвэрлэж, нэрийн жагсаалтаас хасах ёстой юм байна.

Тойргийн хорооны шийдвэр гомдол гаргагчид хангалтгүй санагдвал СЕХ-нд хандах эрхтэй ч одоогоор гомдол ирээгүй учраас СЕХ-оос тайлбар хийх боломжгүй гэлээ. Сонгуулийн сурталчилгаа дуусах өдөр буюу өнчигдөр СЕХ-нд гомдол ирээгүй байсан ч хэрэв нэр дэвшигч хууль зөрчсөн талаар гомдол СЕХ-нд ирвэл хуулийн дагуу гомдлыг хэлэлцэх хугацаа нээлттэй байгаа юм. Хэрэв тойргийн хорооноос СЕХ-нд шилжүүлбэл энэ асуудлыг шийдвэрлэх бөгөөд баримт, нотолгоог үндэслэн хуулийн дагуу арга хэмжээ авах хугацаа бий гэж СЕХ-ныхон хэлж байна.

Тухайлбал, Увс аймагт нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдлийг тойргийн хороондоо өгсөн ч түүнийг нь тухайн аймгийн Тагнуулын газар шалгах шаардлагатай гэж үзэж Тагнуулын газарт шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн тойргийн хороонд нь шийдвэрлэж байгаа учраас СЕХ-нд нэр татахыг хүссэн гомдол ирээгүй байгаа аж.

Ш.ЧИМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж