Хөгжлийг гацаасан Хөгжлийн банк

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Хөгжлийг гацаасан Хөгжлийн банк

Хөгжлийн банкны үндсэн гол зорилго нь Монголын хөгжилд хэрэгтэй, эдийн засагт дэмтэй гэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх. Гэвч байгуулагдсан цагаасаа хойш бүтэн жил гаруйн хугацаанд жижгэвтэр хэдэн төслийг санхүүжүүлснийг эс тооцвол улс орны хөгжилд нэмэртэй гэх дорвитойхон бүтээн байгуулалтад хөрөнгө, мөнгө хаяж чадаагүй хэвээр байгаа юм.

 Энэ оны гуравдугаар сард Хөгжлийн банкны удирдлагууд олон улсын хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.долларын хөрөнгө босгосноо сүр дуулиантайхан зарлаж байснаас хойш тус банкны үйл ажиллагаа нам гүмхэн байна. Улс орны эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн жилийн сүүлээр 600 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд гаргах эрхийг Засгийн газраас Хөгжлийн банкинд олгосон бөгөөд эхлээд  20 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн групп болох ING-ээс хямд хүүтэй зээлж, үлдэгдэл  580 ам.долларыг Ази, Европ болон АНУ-ын санхүүгийн зах зээлээс босгосон гэдэг. Дээрх мөнгөөр шинээр төмөр зам болон авто зам тавих, V цахилгаан станц барих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар төлөвлөсөн. Харамсалтай нь, өнөөдөр Хөгжлийн банк “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоход 50 тэрбум төгрөгийг Төрийн банкинд шилжүүлнэ гэснээс өөрөөр өмнө нь төлөвлөж байсан  томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлээгүй хэвээр, нөгөө гайхамшигт хөтөлбөрүүд нь цаасан дээрх мөрөөдөл хэвээр байна. 

Олон улсын зах зээлээс босгосон мөнгө нь ч дансандаа хэвтсэн хэвээр, харин төлөх хүү нь талийсаар. Хоногт 98 мянган ам.долларын хүү төлж байгаа энэ мөнгийг зүгээр л хадгалж байснаас уг нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд зарцуулсан бол нэг жилийн өмнө ч гэсэн Монголын эдийн засаг хэрэгтэй дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэж чадах байсан болов уу.  Дээр өгүүлсэн олон улсын зах зээлээс босгосон 580 ам.долларын зээлд өнгөрсөн гуравдугаар сараас хойш өнөөг хүртэл өдөр болгон 98 мянган ам.доллар төлсөн гэхээр өнгөрсөн хугацаанд тус банк ямархуу хэмжээний мөнгийг эргүүлээд хүүнд төлснийг тооцоод үзээрэй. Ингэж хий дэмий мөнгөө хав дарах байсан юм ийм өндөр хүүтэй мөнгийг зээлэх хэрэг ч байсан ч юм уу, бүү мэд.

 УИХ,Засгийн газраас баталсан томоохон хөтөл­бөрүүдээ байг гэхэд бага хугацаанд дээрх мөнгийг нөхчих ашигтай төслийг санхүүжүүлсэн бол Монгол Улсын эдийн засагт багагүй нэмэртэй байх нь тодорхой. Тэгээд ч уул уурхайн салбараа бүрэн дүүрэн ашиглах гэхээр дэд бүтцийн сул байдал садаа болж байгаа энэ үед хөрөнгийн зах зээлээс Хөгжлийн банкны босгосон мөнгө Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр болж чадах байсан гэдэг нь эргэлзээгүй. 

Тус банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргал өнгөрсөн долоо хоногт ажлаа өгснөөр одоогоор Хөгжлийн банкны ТУЗ-ын даргын суудал эзгүй байгаа.  Өмнө нь тус банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байсан  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун ч мөн л өөрийн хүсэлтээр албаа өгч байснаас харахад Хөгжлийн банк ТУЗ-ын дарга нарт нэг л шилгээтэй байх шиг.

Эдийн засгийн үр ашигтай, бас эдийн засгийн эргэлтэд хамгийн түрүүнд орж чадах төсөл бол эдийн засагчдын хэлж байгаагаар Газрын тосны үйлдвэр барих асуудал гэсэн. Газрын тосны үйлдвэрийг Хөгжлийн банкны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөөр барьсан тохиолдолд нэг хоёрхон жилийн дараа өртгөө нөхөх бүрэн боломжтой аж. Гэхдээ төлөвлөгөө ёсоор бол Хөгжлийн банк эхний ээлжинд төмөр зам, авто зам шинээр тавихад зарцуулах бөгөөд 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар УИХ-аас баталсан байгаа. Эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёр дахь үе шатанд 900 орчим км, гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр замыг барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх юм. Харин дараагийнх нь санхүүжүүлэх том төсөл нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор. Засгийн газрын өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар  Сайншандын аж үйлдвэрийн мастер төлөвлөгөө баталсан бөгөөд үүнийг Хөгжлийн банк санхүүжүүлэхээр болсон. Энэ ажлыг Хөгжлийн банк яаралтай эхлүүлэхгүй бол яг үнэндээ Хөгжлийг гацаасан хөнжлийн банк болчихоод байна шүү.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж