-Нэрийн жагсаалтыг эцсийн байдлаар гаргасан. Нэрийн жагсаалтад өөрчлөлт орох уу?
-УБЕГ-аас хуулийн дагуу нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгсөн ч иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон 25,45 нас хүрч, үнэмлэхээ шинэчилсэн иргэд ямар байдлаар санал өгөх вэ гэж байсан. Энэ асуудлыг шийдэж, цахим үнэмлэх хэвлэх ажил эхэлсэн бөгөөд бүгдийг нь тараачихсан. Ингээд эцсийн байдлаар нэг сая 833 мянга 478 сонгогч УИХ-ын сонгуульд санал өгөхөөр болж байна. Нэрийн жагсаалтаас болж сонгуульд нэг хүн хоёр санал өгөх боломжгүй энэ бүгдийг сонгогчийн хурууны хээгээр батлах болно гэдгийг албаныхан хэлж буй. Одоо нэрийн жагсаалтад ямар ч өөрчлөлт орохгүй. Хасалт, нэмэлт хийхгүй.
-Зарим иргэдийн хуучин болон цахим үнэмлэх нь хоёулаа хүчинтэй байна. Эдгээр иргэд саналаа аль үнэмлэхээрээ өгөх вэ, Хоёр үнэмлэх нь хоёулаа хүчинтэй хүн байна л даа?
-Хуучин иргэний үнэмлэхтэй иргэдэд цахим үнэмлэх тараасан гэх мэдээлэл гарч байсан ч манай бүртгэлийн газрын мэргэжилтнүүд хуучин үнэмлэхийг баруун дээд буланд нь тэмдэглэгээ хийж, хүчингүй болгосны дараа цахим үнэмлэх тарааж байгаа. Хоёр үнэмлэх хоёулаа хүчинтэй байх ёсгүй. Зөвхөн нэг нь хүчинтэй байна. Хэрэв цахим үнэмлэх нь тараагдсан бол сонгууль өгөхөөр очиход нь бүртгэлийн газрын ажилтанд тэр хүний бүх мэдээлэл байж байна. Тиймээс тухайн иргэн хуучин үнэмлэхээ хорооны бүртгэлийн мэргэжилтнээр хүчингүй болгох ёстой. Тэгээд цахим үнэмлэхээр сонгууль өгөх юм. Цахим үнэмлэх нь тараагдсан иргэд цахим үнэмлэхээр, хуучин иргэний үнэмлэхтэй иргэд хуучин үнэмлэхээрээ маргааш саналаа өгөх юм. УИХ-аас тогтоол гаргасны дагуу цахим үнэмлэхжүүлэх иргэдийн үнэмлэхийг хэвлэж, тараасан байгаа. Иргэний үнэмлэхээ зургадугаар сарын 1-нээс хойш гээсэн, үрэгдүүлсэн иргэд сонгуульд оролцох боломжгүй. Харин энэ хугацаанд 25,45 нас хүрсэн иргэд хугацаа нь дууссан иргэний үнэмлэхээрээ саналааа өгнө. Учир нь эдгээр иргэдэд цахим үнэмлэх хэвлэж амжихгүй учраас хуучин үнэмлэхээр нь санал өгүүлэх шийдвэрийг холбогдох албаныхан гаргасан.
-Нэг хаяган дээр олон хүн бүртгэгдсэн талаар мэдээллүүд гараад байгаа. Энэ хүмүүс саналаа хаана өгөх вэ?
-Сонгуульд санал өгөх иргэдийн нэрсийг бүртгэх ажиллагаа хуулиар энэ сарын 18-нд зогссон юм. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг улсын хэмжээнд 26 тойрогт хуваарилж, 1906 хэсгийн хороодод хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэг хүн нэг л хэсгийн хороонд бүртгэлтэй байгаа. Манайх хэсгийн хороо бүрт сонгогчийн нэрс давхцаж байгаа эсэхийг нэгбүрчлэн тулгаж шалгасан. Тухайн иргэний дөрвөн төрлийн мэдээллийн сан буюу эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, хурууны хээний сангаар шалгаж үзэхэд улсын хэмжээнд нэг ч давхцал гараагүй байна. Сонгогчийн нэрийн жагсаалтыг давхардуулсан талаар гомдол ирсэн. Тагнуулын газар болон бусад холбогдох албаныхан гомдлын дагуу шалгаж үзсэн. Зарим тохиолдолд худал мэдээлэл байсан ч зарим иргэн амьдралын нөхцөл шалтгааны улмаас байр, хашаагаа зараад өөр газарт шилжихдээ хорооноосоо албан ёсоор шилжүүлэг хийгээгүй байсан. Мөн өмнө нь нэг айлын нэр дээр бүртгэлтэй байсан хашааг гурав хувааж, өөр өөр айлд зарсан байсан бөгөөд шинээр ирсэн айлын бүртгэлийг тухайн хэсгийн хороондоо хийлгээгүй байх. Өөрөөр хэлбэл нэг том хашааг гурав хувааж, гурван өөр айл байдаг ч өмнө нь нэг айлын нэр дээр тухайн хашаа нь байсан учраас тэр бүртгэлээр хороондоо явж байгаа ч дотор нь гурван өрх тус тусдаа амьдардаг байх. Үүнийг нь тухайн хорооныхон нь айл өрхийн эзэмшлийн тоогоор бүртгээгүй байх зэрэг олон зөрчлүүд илэрч байна. Тухайн сонгогч хаана бүртгэлтэй байна тэр хороондоо л санал өгнө. Бүртгэгдснээс өөр газарт санал өгөх боломжгүй.
-Сонгогчийн нэрийн жагсаатаас болж ямар нэг асуудал гарвал УБЕГ бүрэн хариуцлага хүлээх үү?
-Нэрийн жагсаалтад давхардал болон зөрчил гаргахгүйн тулд бид ажилласан. Давхар сонгууль өгөхгүй байх нөхцлийг бүрдүүлэн ажилласан. Хэрэв манай байгууллагатай холбоотой буюу нэрийн жагсаалтад өөрчлөлт орвол бид өөрсдөө хариуцлага хүлээнэ. Буруу зүйл хийсэн бол хуулиар хариуцлага хүлээхээр заасан байгаа. Хариуцлага алдахгүйн тулд бид олон удаагийн шалгалтыг хууль хяналтын байгууллага, Тагнуулын газартай хамтран хийсэн.