Капелло шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Капелло шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа

Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фабио Капелло дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 30 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багаа зарлалаа. Харин түүний удирдах шигшээ багт багтсан тоглогчид хөлбөмбөгийн хорхойтнуудын таамгийг эвдэж чадав.
Өмнө нь эх орныхоо төлөө талбайд гарч үзээгүй “нялх” Адам Жонсон болон Майкл Даусон нар, мөн Даусоны хамт “Тоттенхэм”-д хүчин зүтгэж буй Том Хаддлстоун нар шигшээ багтаа дуудагджээ.
Гэмтэлтэй, эсвэл форм муутай тоглогчдыг сонгохгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан Капеллогийн сонголт тун чиг сонин байсны нэг илрэл нь олон улсын карьераа орхисон туршлагатай хамгаалагч Жейми Каррахер байв. Тэрбээр мөн Ледли Кин, гэмтэлтэй байсан Гарет Берри нарыг сонгосон байна. Түүнчлэн Стефен Варнок, Скотт Паркер, Даррен Бент нар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд Капелло эцсийн байдлаар Өмнөд Африкийг зорих 23 тоглогчоо зургадугаар сарын 1-нд нэрлэх учиртай.
FIFA-гийн дүрмийн дагуу урьдчилсан байдлаар шигшээ багт багтаагүй тоглогчдыг 23-таа оруулах эрх Капеллод байгаа. Английн шигшээ энэ сарын 24-нд алдарт “Уэмбли” цэнгэлдэхдээ Мексикийн багийг хүлээн авах бөгөөд зургаан хоногийн дараа буюу 30-нд Австрид Японы багтай тоглосны дараа дэлхийн аваргыг зорих юм. Дээрх хоёр тоглолтын явц, үр дүнд үндэслэн Капелло эцсийн шийдвэрээ гаргах учиртай.
Итали мэргэжилтний сонгосон гурван хаалгачдын нэг нь “Бирмингхэм”-д зээлийн гэрээгээр тоглож буй 23 настай залуу хаалгач Жо Харт юм. Хартын адилаар улсынхаа насанд хүрэгчдийн шигшээ багт багтаж, ердөө ганцхан тоглолтод оролцсон нас залуу, цус шингэн “Эвертон”-ы Лейтон Бейнс, “Астон Вилла”-гийн Варнок нар зүүн жигүүрийг хамгаалан тоглоно. Харин төвийн болон баруун жигүүрийн хамгаалалтаа Капелло найдвартай хүнд даалгахаар шийдсэн нь Рио Фердинанд, Жон Терри нараас гадна “Ливерпуль”-ийн хууччуулын нэг Каррахер юм. Тэрбээр “Евро-2004” болон 2006 оны дэлхийн аваргад оролцож, 2007 онд олон улсын карьераа орхисон билээ.
Ингээд Английн шигшээ багийн бүрэлдэхүүнтэй танилцъя. Дашрамд сануулахад, тэд дэлхийн аваргын “С” хэсэгт АНУ, Алжир болон Словенийн багтай өрсөлдөх юм.
Хаалгач: Жо Харт /Манчестер Сити/, Дэвид Жеймс /Портсмут/, Роберт Грин /Уэст хэм/
Хамгаалагч: Лейтон Бейнс /Эвертон/, Жейми Каррахер /Ливерпуль/, Эшли Коул /Челси/, Майкл Даусон /Тоттенхэм/, Рио Фердинанд /Манчестер Юнайтед/, Глен Жонсон /Ливерпуль/, Ледли Кин /Тоттенхэм/, Жон Терри /Челси/, Мэттью Апсон /Уэст хэм/, Стефен Варнок /Астон Вилла/
Хагас хамгаалагч: Гарет Бэрри /Манчестер Сити/, Майкл Каррик /Манчестер Юнайтед/, Жо Коул /Челси/, Стивен Жеррард /Ливерпуль/, Том Хаддлстоун /Тоттенхэм/, Адам Жонсон /Манчестер Сити/, Фрэнк Лампард /Челси/, Аарон Леннон /Тоттенхэм/, Жеймс Милнер /Астон Вилла/, Скотт Паркер /Уэст хэм/, Тео Уолкотт /Арсенал/, Шон Райт-Филлипс /Манчестер Сити/
Довтлогч: Даррен Бент /Сандерлэнд/, Петер Крауч /Тоттенхэм/, Жермейн Дефо /Тоттенхэм/, Эмиль Хески /Астон Вилла/, Уейн Рүүни /Манчестер Юнайтед/
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж