Европт “Baby box” дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Европт “Baby box” дэлгэрчээ

Дээхнэ үед буян номын газар, хүрдний доор орхисон хүүхдийг монголчууд хүрдний хүүхэд хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Үр хүүхдээ буян заяатай сайн айлд очихыг залбиран үлдээсэн хүмүүс нь үрээ голсондоо биш, шар нар, бор хоногийг арайхийн өнгөрүүлдэг үгээгүй ядуус байсан аж. Харин ийм үзэгдэл сүүлийн арваад жилийн дотор Европт ихэд дэлгэрчээ. Европт дундад зууны үед ч түгээмэл байсан хүсээгүй хүүхдээ хайрцагт хийж орхих үзэгдэл сүүлийн үед улс төр, нийгмийн олон асуудлыг дагуулж эхэлжээ. НҮБ-ын ажилтнуудын хэлж буйгаар хүүхдийг зүгээр гудамжинд хаяснаас хайрцагт хийж орхисон нь амь насыг нь аварсан удаа цөөнгүй гэнэ. Германы Берлин хотын зах дахь навчаар битүү хучигдсан замын төгсгөлд нэгэн модон дээр “Хүүхдийн өлгий” гэсэн  тэмдэг байдаг. Харин тэмдгийн хажууд зам дээр бариултай төмөр таг байдаг бөгөөд онгойлговол нялх хүүхдийн өлгий хадгалаастай байдаг аж. Газарт булсан уг төмөр хайрцганд мөн өлгийнөөс гадна бодлоо өөрчилвөл хэнд хандаж болохыг зөвлөсөн захидал хүртэл байдаг гэнэ. Жилд нэг юмуу хоёр золгүй ээж хүүхдээ орхихоор тийш зүглэдэг аж. Хүүхдээ эргэж харалгүйгээр явсан эх бодлоо өөрчлөх нь ховор. Харин хүүхэд жинхэнэ эцэг эх нь хэн гэдгийг ч мэдэлгүй өсдөг байна. Германы “Baby box” үйлчилгээ нь аргаа барсан эх хүнд хүсээгүй хүүхдээс хялбархан салах найдвартай арга болдог аж. Бүх процесс маш нууц болдог учраас хэн очиж хүүхдээ орхисон нь ямагт нууц хэвээр үлддэг байна. Гэвч “Baby box”-ыг шүүмжлэгчид үүний цаана хариуцлагаас зугатагч эрчүүд, улаан дэнлүүний газрын эзэд байж болзошгүйг анхааруулдаг. Ноттингемийн их сургуулийн сэтгэлзүйч  Кевин Брауни судалгаанаас харахад “Baby box”-т хүүхэд орхисон хүмүүсийн дийлэнх нь эхийн хамаатан, хойд эцэг, аавууд эсвэл зуучлагч нар байдаг хэмээн ярьжээ.

Нялх хүүхдээ таван давхрын тагтан дээр тэсгим хүйтэнд орхиж хөнөөсөн эхэд цаазын ял оноосны дараа “Baby box” Балтийн орнуудаас авахуулаад Герман, Австри, Польш, Унгар, Чех, Румынь зэрэг төв болон зүүн Европын орнуудад тархжээ. Зарим оронд тухайлбал, Унгарт хүүхдийг гудамжинд хаяснаас “Baby box”-т хийж орхих нь гэмт хэргийн ертөнцийн нэг хэсэг болохоос аварна гэж үзэж, хуульчилж өгсөн байдаг гэнэ. Профессор Браунигийн хэлснээр хуучин коммунист дэглэмтэй байсан зүүн Европын орнууд болон гэрлэхээс өмнө хүүхэдтэй болохыг хориглодог католикийн хатуу уламжлалтай орнуудад хүүхдээ “Baby box”-т орхих үзэгдэл хамгийн их байдаг аж. Профессор Браунигийн явуулсан  “Baby box”-ын талаарх олон судалгааг одоо НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо гол баримт болгодог. Брауни хүрдний хүүхэд төрүүлсэн эцэг эх нь хэн болохыг мэдэх эрхтэй гэж үздэг ч тэдгээр хүүхдүүд одоо ч тэр эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Он гарснаас хойш Германд 99, Польшид 45, Чехэд 44, Унгарт 26, Словакт 16, Литвад найм, Италид найм, Бельгид нэг, Нидерландад нэг, Швейцарид нэг, Ватиканд нэг, Канадад нэг, Малайзад нэг “хүрдний хүүхэд” олджээ. Берлиний “Baby box” хүүхдийн аюулгүй байдлыг хангах бүхэн байдаг бөгөөд хэн нэгэн нь хүүхдээ орхиход анхааруулах дохио идэвхижиж, асрах ажилтан очиж авдаг аж. Хүүхдэд  эрүүл мэндийн шинжилгээ хийсний дараа үрчлэх ажлыг хуулийн дагуу эхэлдэг байна. Гэвч хүүхдээ маш ховор тохиолдолд эхчүүд хүүхдээ эргэж очиж авдаг аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж