Булган аймгийн Хутаг–Өндөр сумын Тээл багийн нутгаар өчигдөр хүйтэн бороо үргэлжлэн орсны улмаас Намнан уул орчмоор зусч байгаа малчин Д, Г, Э нарын 445 толгой бог мал осгож, хорогдсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Урт шувуут, Бумбат, Бургалдай, Жаргалант гэдэг газруудад энэ сарын 24-ний өдрөөс хойш хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, Шувуутын ам гэдэг газар зусч байгаа 16 айл өрхийн 1209 толгой бог мал осгож, хорогджээ. Тодруулбал, 976 хонь, 233 ямаа хорогдсон байна. Үүнээс гадна Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Малчин” багийн нутгаар энэ сарын 24-ний өдрөөс хойш хүйтэн бороо, уулаараа нойтон цас орсны улмаас Хаяа худаг гэдэг газар зусч байгаа зургаан малчны 450 толгой бог мал осгож хорогдсон байна. Энэ дагуу аймгийн Онцгой комисс өчигдөр 17:00 цагт хуралдаж, Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Даваагаар ахлуулсан ажлын хэсэг тус багт ажиллахаар явжээ. Тиймээс үер, усны аюулаас хамгаалах зориулалттай далан, суваг, шуудууг татах, сэргээх арга хэмжээ авах, голуудын усны түвшин огцом нэмэгдэж байгаа учир иргэд гол, ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар гарч аюулгүй байдлаа сайн хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.
Б.САРАА