Х.Бадамгэрэл: Миссийн тэмцээн миний хувьд нэг ахиц байлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Х.Бадамгэрэл: Миссийн тэмцээн миний хувьд нэг ахиц байлаа

 “Шилмэл
загвар” компани “Miss Mongolia Association”-тай хамтран Монголын гоо
бүсгүй шалгаруулах “Miss Mongolia-2009” тэмцээнийг өнгөрсөн 7-нд зохион
байгуулсан. Тус тэмцээний тэргүүн миссээр Х.Бадамгэрэл тодорч "Miss
international" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй
болсон юм. Түүнийг хичээлдээ орохоос нь өмнө уулзаж ярилцлаа.

-Юуны түрүүнд баяр хүргэе. Тэргүүн миссээр шалгарлаа, сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Мэдээж
маш сайхан байлгүй яахав. Энэ нэр хүндтэй, том шагналыг хүртсэн
болохоор надад маш их үүрэг хариуцлага оноогдож байгаа гэж бодож
байгаа. Хүссэндээ хүрэх гэж нэлээд хөдөлмөрлөсөн. Зорьсондоо хүрсэнд
баяртай байна.

-Өөрийгөө арай дэлгэрэнгүй танилцуулаач?

-Намайг
Хүрэлбаатарын Бадамгэрэл гэдэг. 19 настай ШУТИС-ийн харъяа Компьютер
Техник Менежментийн сургуулийн маркетинг удирдлага ангийн гуравдугаар
дамжааны оюутан. Би айлын том охин. Доороо гурван эрэгтэй дүүтэй.
Тэгэхээр надад маш өндөр хариуцлага оноогдсон. Дүү нар маань надаас
үлгэр дуриалал авах учир сайн эгч байхыг хүсдэг. Би загвар өмсөөд таван
жил болж байна. Энэ хугацаанд алдаа эндэгдэл, амжилт, ахиц нэлээдгүй
гаргаж байсан. Ямартаа ч энэ удаагийн тэмцээн миний ахиц байлаа.

-19 настай гуравдугаар дамжааны оюутан гэж үү?

-Тийм ээ. Би арван жилдээ анги алгассан, 17 настайдаа оюутан болсон.

-Тэмцээний үед хүчтэй өрсөлдөгч олон байсан байх?

-Тэгэлгүй
яахав. 19 охин өрсөлдсөн. Бүгдээрээ маш сайхан, гоё охид байсан. Бид
тэмцээнд бэлтгэн оролцох сар хагасын хугацаанд бүгд сайн найзууд
болсон. Оролцсон бүх охиддоо дахин баяр хүргэмээр байна.

-"Miss Mongolia" тэмцээнд яагаад оролцох болсон бэ?

-Би
өөрөө “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч. "Miss Mongolia"
тэмцээний зохион байгуулагчаар “Шилмэл загвар” компани, "Miss Mongolia
Association" ажилладаг. Надад анх “Шилмэл загвар” компаниас санал
тавьсан. Тэгээд найз нартайгаа, ээжтэйгээ ярилцаад орохоор шийдсэн.
Миссийн тэмцээнд анх удаа оролцлоо. Би өөрөө Fashion model. Тиймээс их
туршлага хуримтлуулсан. Үүнийхээ ачаар энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн
гэж бодож байгаа. Урьд нь “Үнсгэлжин” тэмцээнд оролцож байсан. Энэ
тэмцээнд оролцож байгаа бүх охид өөрийгөө ялна гэж ордог байх. Энэ
тэмцээнд оролцоход гэр бүл, найз нөхөд маань дэмжиж урам хайрласан.
Тэгээд л би өөртөө улам итгэлтэй болж бүх зүйлээ сайн хийхийг хичээсэн

 -Тэмцээний үеэр бүсгүйчүүдийн хамгийн их сандардаг үе асуулт хариулт байдаг?

-Би
асуулт хариултын үед огтхон ч сандарч, түгшээгүй. Өмнөх жилүүдийн
миссийн тэмцээнүүдийг би үзэж байсан. Туршлага судалсан. Ер нь эртнээс
бэлтгэж асуулт, хариулт ямар байдгийг судалж үзсэн. Тиймээс тэмцээний
үед өөрийнхээ хэмжээнд хариултаа өгч чадсан гэж үзэж байгаа

-Тэргүүн миссээр шалгарч, олон улсын тэмцээнд оролцох болсон, бэлтгэл хэр байна?

-Яг
одоогоор би тодорхой мэдээллийг аваагүй байна. Би өчигдрөөс шууд
хичээлдээ явж эхэлсэн. “Шилмэл загвар”-ынхаа удирлагуудтай уулзаж
амжаагүй байна. Намайг дуудаад байгаа. /инээв/ Удахгүй очиж уулзаад
тэмцээнийхээ талаар мэдээлэл авч нэмэлт бэлтгэлдээ шуурхай орно.
Тодорхой амжилт үзүүлэхийг зорьж байна даа.

-Ингэхэд ангийхан болон багш нар чинь тэргүүн миссээр шалгарахад хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай
сургууль нэлээд хатуу, Монголдоо дээгүүр ордог сургуулийн нэг. Хатуу
багш нар ч их. Тиймээс яг энэ тэмцээнд оролцох болсноо багш нартаа
хэлээгүй. Мэдвэл дургүйцэх хүн байгаа, дэмжих хүн ч байгаа. Гэхдээ
хичээлээ хийхийг маш их шаарддаг. Би хичээлээ цалгардуулалгүй
тэмцээндээ оролцсон. Яг одоо бас хичээлдээ орох гээд л байна. Тиймээс
ихэнх нь мэдээгүй байгаа.

-Х.Бадамгэрэл багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Үнэнийг
хэлэхэд би багадаа маш даруухан, бүрэг хүүхэд байсан. Намайг нээж өгсөн
зүйл бол загварын тайз. Намайг бага байхад ээж маань дуулж, бүжиглэж,
төгөлдөр хуур дарах гээд бүх зүйлд сургадаг байлаа. Надад оролдож, хийж
үзээгүй зүйл бараг л байхгүй шүү. Тийм болохоор ээждээ их баярладаг.
Өнөөдрийн миний энэ амжилт ээжтэй минь салшгүй холбоотой. Ээждээ маш их
хайртай, бас тандаа баярлалаа гэж дахин хэлмээр байна.

-Охид багадаа бүгд л мисс, загвар өмсөгч болохыг мөрөөддөн. Харин таны хувьд?

-Эмэгтэй
хүн бүр гоё байхыг хүсдэг. Гэхдээ яг мисс болно гэж боддоггүй байсан.
Мэдээж гоё, сайхан байхыг хүсдэг байлаа. Эмэгтэй хүний хувьд өөрийнхөө
хэмжээндээ сайхан байхыг боддог. Бүх зүйлийг ээжээсээ үлгэр дууриалал
авдаг. Ээж шигээ сайхан эмэгтэй хүн болохыг хүсдэг.

-Үргэлж загвар өмсөгч хийхгүй байх, цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?

-Загвар
бол миний сонирхол, хобби. Миний чөлөөт цагаараа хийдэг сонирхолтой
ажлын нэг. Тийм болохоор би загварт яг хөл алдаж, дурлаж, бүх амь
амьдралаа зориулна гэж байхгүй. Одоо би маркетингийн менежмент
мэргэжлээр сурч байна. Сургуулиа төгсөөд магистр, докторантаар сурах
гээд хийж бүтээх, сурч мэдэх зүйл их байна. Би ч залуу байна.

-Загвар бол сонирхол гэлээ, тэгвэл өөр сонирхдог зүйлээсээ танилцуулаач?

-Бид
ер нь их завгүй байдаг. Загвар өмсөгч гэхээр хүмүүс нэг их амар хүмүүс
гэж ойлгодог. Зүгээр л тайзан дээр гараад л инээгээд л гунхсан алхаатай
хүмүүс гэж. Гэхдээ бид энэ хэмжээндээ их хөдөлмөрлөж, ажилладаг. Тийм ч
амар ажил биш. Би чөлөөт цагаараа ном унших, усанд сэлэх дуртай.
Багаасаа ном унших дуртай хүүхэд байсан. Манай гэрт маш олон ном
байдаг. Бас фитнессээр хичээллэдэг. Харин саяхнаас усанд сэлж сурч
байгаа, дахин төгөлдөр хуураа дарж эхэлсэн.

-Мисс гэхээр хүмүүс буруу ойлгодог гэлээ, тэгвэл ийм буруу ойлголттой хүмүүст хандаж юу хэлэхийг хүсдэг вэ?

-Мисс
модель ялгаагүй л хүн. Хүн хүнээрээ байх ёстой. Мисс боллоо ч тэр хүн,
хувийн шинж чанараа хадгалдаг байх ёстой. Тэгээгүйгээс болоод манай
охид хэл аманд орох нь их байдаг. Бас нэг том шалтгаан гэвэл энгийн үед
ч бидний хувцаслалт үс засалт арай өөр байдаг, тиймээс хүмүүс өөрөөр
ханддаг байх. Би өөрөө оюутан, хүмүүсийн энэ бодлыг өөрчлөхийг
хичээдэг. Хэдийгээр би загвар өмсөгч гэсэн хичээлдээ их анхаардаг. Би
тэргүүний оюутан байхыг хүсдэг. Энэ хэмжээгээрээ ч гэсэн уралдаан
тэмцээнд амжилттай оролцож байсан. Ер нь хичээл, сурлагаа л хамгийн
түрүүнд тавьдаг. 

М.Дөлгөөн /2009 оны 9 сарын 11/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж