-Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн тухай гомдол хэр ирж байна вэ?
-Нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн талаарх гомдол тойргийн хороодод ирж байна. Гомдлыг эхлээд тойргийн хороонд шийдвэрлэнэ, хэрэв тойргийн хорооны шийдвэр гомдол гаргагчдад таалагдахгүй бол Сонгуулийн ерөнхий хороонд хандана.
-Ардчилсан намаас МАН-ын нэр дэвшигчид мөнгө тараасан зөрчлийг баримттай нь Нийслэлийн прокурорт өгсөн. Тойргийн хороо нь шийвэрлэж өгөхгүй байсан учраас прокурорт хандаж байгаа гэсэн?
-Тойргийн хороо гомдлыг нь шийдвэрлэж өгөхгүй, цаг алдаж байгаа гэх асуудлууд гарч байна. Албан ёсны мэдээлэл нь СЕХ-нд ирээгүй байна. Хуульд зааснаар бол тойргийн хороо гомдлыг нэн даруй шийдвэрлэх ёстой. Цаашлаад гурав хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдаг. Гомдол гаргагч тойргийн хорооны санал дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол СЕХ-нд хандах ёстой ч одоогоор СЕХ-нд хандсан гомдол алга байна. Бид тойргийн хороодод гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж өгөхийг хүссэн. Гомдлын дагуу шалгахдаа хууль зөрчиж байгаа эсэхийг сайн нягтлах хэрэгтэй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тойргийн хорооноос гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулахад, нягталж байна, баримт нотолгоо дутуу байна гэх мэтээр тайлбар өгч байна. Зарим тойргийн хороо өөрсдөө шийдэх боломжгүй учраас шүүх, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн.
-400 гаруй хэсгийн хороо сүлжээнд холбогдоогүй учраас санал тоолох боломжгүй гэсэн. Эдгээр хэсгийн хорооны саналын дүнг яаж зөөвөрлөж, тоолох юм бэ?
-Бидний гаргасан судалгаагаар 400 гаруй хэсэг дээр сүлжээгүй байна гэсэн мэдээлэл ирж байна. Сүлжээгүй ч гэсэн сонгуулийн санал өгөх хуваарийн дагуу саналаа өгч, 20.00 цагт дуусна. Саналын мэдээгээ ойрхон сүлжээтэй газарт зөөхөөр ярьж байна. Энэ сарын 23-нд туршилт хийхдээ мэдээгээ зөөвөрлөсөн байгаа. Сүлжээгүй хэсгийн хорооны саналыг тоолж, битүүмжлээд дүн мэдээгээ зөөвөрлөж, сүлжээтэй газар хүргүүлэхээр болж байна.
-Санал авах үед автомат машин эвдрэх, тог тасрах зэрэг нөхцөлд яах вэ?
-Санал тоолох машин өөрөө 13 цагийн нөөц батерейтэй байгаа. Тог тасарснаас хойш 13 цагийн дотор ажиллах боломжтой. Харин санал тоолох машин эвдэрсэн тохиолдолд санал тоолох машины лацыг онгойлгох юм. Бусад тохиолдолд санал тоолох машиныг онгойлгохгүй. Хэрэв санал тоолох машин эвдэрсэн тохиолдолд гараар тоолох ажиллагаанд орно гээд хуульд заасан байгаа.
-Санал авах байруудыг камержуулах ажил хийгдсэн үү?
-Нийслэлд санал авах байруудыг бүгдийг нь камержуулах байсан. Гэвч тодорхой шилэн кабелгүй, камержуулах боломжгүй хэсгийн хороо байгаа. Тиймээс бүгдийг нь камержуулах боломж байсангүй.