Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүх хурлын танхимд болох байсан. Гэвч Э.Цасчихэрийн өмгөөлөгч Ц.Дарьжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учир шүүх хуралд хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар хурлыг ирэх долдугаар сарын 17-ныг хүртэл хойшлуулсан байна. Шүүх хуралд шүүгчээр Б.Батцэрэн, улсын яллагч М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжаа, Ц.Дарьжав нар оролцох байжээ.
Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сарын 7-нд хуралдсан анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг тэд эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Хан-Уул дүүргийн шүүхээс Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан юм.
Д.ЖАРГАЛ