“Уимбльдон”-ыг албан бус ДАШТ гэдэг

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

“Уимбльдон”-ыг албан бус ДАШТ гэдэг

Талбайн теннисний дөрвөн “Их дуулга”-ын нэг болох Их британийн нээлттэй тэмцээн "Уимблдон" өчигдөр эхэллээ. 126 дахь удаагийн тэмцээн ирэх сарын 8 хүртэл Лондон хотод үргэлжлэн явагдах юм. Энэ жилийн тэмцээний шагналын сан өсч, 16.06 сая фунт стерлингт хүрчээ. Ганцаарчилсан төрлийн аварга 1.150 сая, дэд аварга 575 мянгыг, нэгээс зургадугаар шат хүртэл тоглосон теннисчин 14.5, 23.12, 38.87, 75.00, 145.00, 287.5 мянгыг халааслах юм. Шигшээ тэмцээнд оролцоогүй тамирчин ч хоосон хоцрохгүй. Сонгон шалгаруулах тэмцээний  аль шатанд тоглосноос хамаарч 2.12, 4.25, 8.50 мянгыг олгох аж. Талбайн теннисний олон тэмцээн байдаг ч “Их дуулга”-ын дөрвөн цуврал хамгийн алдартайд тооцогддог.

Үүнд Австрали, Франц, Их британи, АНУ-ын тэмцээн багтдаг юм. Тэр дундаа “Уимблдон” хамгийн нэр алдартай нь бөгөөд албан бус ДАШТ гэгдэх нь ч бий. Энэхүү тэмцээний түүхээс сонирхуулъя. Жил бүрийн зургаа, долдугаар сард дэлхийн шилдэг теннисчид Лондон хотын Уимблдон сууринд хуран чуулдаг. Тэмцээн анх 1877 онд болсон бөгөөд энэ цагаас хойш зохион байгуулагчид хатуу ёс заншлаа өдгөөг хүртэл мөрдсөөр байгаа юм. “Уимблдон” наймдугаар сарын эхний даваа гаригаас зургаан долоо хоногийн өмнө эхэлдэг бөгөөд 14 өдөр үргэлжилдэг.

Гэхдээ эхний долоо хоногийн ням гаригт ямар ч тоглолт  болдоггүй заншил тогтжээ. Талбайн өвсийг Их британийн Йоркшир гүнлэгт тусгайлсан мэргэжлийн хүмүүс арчилж ургуулдаг байна. Зүлэгний өндөр нь таван мм-ээс хэтрэхгүй байх ёстой. Түүнчлэн оролцогч бүр заавал цагаан өнгийн хувцастай тоглох журамтай аж. “Уимблдон”-ыг Их Британийн хатан хааны гэр бүлийн төлөөлөгч үзэж сонирхдог бөгөөд тамирчид хааны гэр бүлийн хүмүүсийн сууж байгаа зүг рүү мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлдэг байна. Тэмцээнд оролцож байгаа эмэгтэй тамирчдад хандахдаа заавал “мисс”, “миссис” гэдэг хүндэтгэлийн үг хэрэглэдэг бол, харин эрэгтэй тамирчидтай овгоор нь дуудаж харьцдаг. Тэмцээний үзэгчид гүзээлзгэнэ жимсийг цөцгийтэй иддэг. Гүзээлзэгэнийг “Уимблдон”-д зориулж, Лондонгоос холгүй байдаг цэцэрлэгт ургуулдаг аж. Үзэгчидийн идэх жимс шинэ байх ёстой тул хэрэглэхээс нь нэг өдрийн өмнө л бутнаас нь түүдэг гэнэ. Тэмцээн үргэлжлэх 14 хоногт үзэгчид дундажаар 150 мянган порц жимс иддэг тооцоо гарчээ.

Д.ЕСҮХЭЙ

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж