-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан уу, эсвэл нэмэгдсэн үү?
-Нийт 257 гэмт хэрэг гарсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.2 хувиар буурсан. Харин хүчин, золгүй явдлын улмаас хүний амь нас үрэгдэх, хүн амийг санаатайгаар бүрэлгэх зэрэг гэмт хэрэг өссөн. Бусдын эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулах, булаалт, дээрэм, залилан мэхлэх төрлийн гэмт хэргүүд тодорхой хувиар буурсан.
-Нийслэлийн хэмжээнд аль дүүрэгт гэмт хэргийн гаралт их байна вэ?
-Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээр өгүүлсэн 257 хэргийн 36 бусдын эд зүйлийг хулгайлах, 47 нь танхайн гэмт хэрэг байна.
-Цагдаагийн байгууллагаас иргэд сонор сэрэмжтэй байвал хулгайд эд зүйлээ алдахаас сэргийлэх боломжтой гэж байнга сануулдаг. Гэтэл хулгайн хэрэг буурахгүй байгаа юм байна?
-Хулгайн гэмт хэргийг гарсан объектээр нь авч үзвэл гэр, орон сууцанд 48.9 хувь, аж ахуй нэгжээс 6.9 хувь, ил зогсоол, гараашаас автомашины цонх хагалж, эд зүйл хулгайлах хэрэг 34,3 хувийг эзэлж байгаа. Автомашины цонх хагалж, эд зүйл хулгайлах асуудалд иргэд өөрсдөө хянамгай хандах хэрэгтэйг сануулъя. Цүнх, мөнгө, утас, зөөврийн компьютер гэх мэт үнэт зүйлээ машиндаа, хулгайчид ил харагдах газар орхидог. Үүнээс болж цонх хагалж, хулгай хийх гэмт хэрэг буурахгүй байна. Хулгайн гэмт хэргийн дийлэнх нь шөнийн цагаар гарч байна.
-Танхайн хэрэг нэмэгдэж байгаа нь цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж байгаа баар, цэнгээний газартай холбоотой байна уу. Хэрэгт холбогдож буй иргэдийн насны тухайд?
-Танхайн гэмт хэрэг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 42.4 хувиар өссөн. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 67.2 хувь нь архи ууж, согтуурснаас үүдэлтэй. Сүүлийн үед ийм төрлийн хэрэг өсч буй нь хөлбөмбөгийн тэмцээнүүд шөнийн цагаар болж байгаатай холбоотой. Залуус олноороо найз нөхөдтэйгөө тэмцээн үзэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж буй нь гудамж талбайд үйлдэгдэх танхайн гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна. Ер нь 25-40 насныхан гэмт хэрэг үйлдэх нь их байдаг. Гэхдээ танхайн хэрэгт 25-35 насны залуус холбогдох нь элбэг байдаг