Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогчийн нэрийн жагсаалтыг давхардуулж бичсэн мэдээлэл гарч байгаа ч үүнийг гомдлын дагуу шалгаж үзсэн. Зарим тохиолдолд худал мэдээлэл байсан ч иргэд амьдралын нөхцөл шалтгааны улмаас байр, хашаагаа зараад өөр газарт шилжихдээ хорооноосоо албан ёсоор шилжүүлэг хийгээгүй байсан тохиодол ч илэрснийг албаны хүмүүс хэлэв. Мөн зарим иргэн том хашаатай бол түүнийгээ хэд хувааж, олон айлд хөлслүүлэх, зарах тохиолдол гарсан байсан, үүнийг нь тухайн хороонд нэг айлын эзэмшилд байгаа ч олон хуваасан тохиолдолд өөр өөр айлын эзэмшил болоод бүртгэгдсэн байгаа юм. Үүнийг нь тухайн хорооныхон нь айл өрхийн эзэмшлийн тоогоор бүртгээгүй байх зэрэг олон зөрчлүүд илэрсэн гэнэ.
УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр бүртгэл, нэрийн жагсаалттай холбоотой ямар нэг асуудал гарвал түүнийг нь УБЕГ хариуцлагыг нь хүлээнэ гэдгийг УБЕГ-ын дарга Л.Амарсанаа хэлэв. Гэвч нэрсийн жагсаалтаас болж сонгуульд нэг хүн хоёр санал өгөх боломжгүй, энэ бүгдийг сонгогчийн хурууны хээгээр батлах болно гэдгийг албаныхан хэлж буй.
Хуучин иргэний үнэмлэхтэй иргэдэд цахим үнэмлэх тараасан гэх мэдээлэл гарч байсан ч бүртгэлийн газрын мэргэжилтнүүд хуучин үнэмлэхийг баруун дээд буланд нь тэмдэглэгээ хийж, хүчингүй болгосны дараа цахим үнэмлэхээ авч байгаа. Цахим үнэмлэх нь тараагдсан иргэд цахим үнэмлэхээр, хуучин иргэний үнэмлэхтэй иргэд хуучин үнэмлэхээрээ саналаа өгөх юм.