Монголын тамирчид олимпод өрсөлдөхөд бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид олимпод өрсөлдөхөд бэлэн боллоо

1962
онд Олон улсын олимпийн хорооны бүрэн эрхт гишүүнээр элссэн Монгол Улс
өнгөрсөн хагас зууны хугацаанд олимпийн наадмаас 19 медаль хүртсэн.
Ингэхдээ хамгийн сүүлд буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хошой
алт, хошой мөнгө, паралимпийн наадмаас мөн аваргатай болсноор олимпийн
түүхийн хуудсаа алтан медалийн амжилтаар зузаатгасан билээ. Тэр цагаас
хойш бүтэн олимпийн цикль дуусч, монголчууд 12 дахь олимпио зорих гэж
байна. Энэ удаад бидний монголчууд 35 тамирчны бүрэлдэхүүнтэй Будант
Албьоны нийслэлийг зорино. Олимпийн наадамд оролцохоор спортын долоон
төрөлд 29 тамирчин эрхээ өвөртөлсөн бол зургаан тамирчин дөрвөн төрлөөр
паралимпийн наадамд эх орноо төлөөлнө. Урьд өмнө байгаагүй өргөн
бүрэлдэхүүнтэй Лондонг зорих гэж буй тэд өдгөө тус тусын талбарт бэлтгэл
сургуулилтаа чамбайруулж буй.

Өмнөд хөршийн нийслэл Бээжин
хотноо болсон олимпийн наадмаас хойш Монголын баг тамирчид, олон улс,
тив, дэлхийн чанартай, өндөр чансаатай тэмцээнээс 2009 онд 112, 2010 онд
116, 2011 онд 225, харин 2012 он гарсаар 114 медаль хүртжээ. Жилээс
жилд чанаржиж, чансаажиж буй Монголын тамирчдын амжилт, медалийн буухиаг
Лондонгийн тэнгэр дор ч үргэлжлүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хүч чадлаа
чинээнд нь тултал шавхана гэдгээ тамирчид маань амлаж, тангарагласан.

Олимпийн
гоёлоо өмссөн тэд бямба гаригт Сүхбаатарын талбайд цуглаж, төрийн
тэргүүнээс эх орныхоо алтан соёмбот далбааг гардан авсан. Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимпод оролцох Монголын багийн
ахлагч, Шадар сайд М.Энхболд төрийн далбааг гардуулан өгөх үеэр “Монгол
бол олимпийн алдартнууд, аваргуудтай орон. Бас Монгол бол ирээдүйд эх
орон, ард түмнээ баярлуулах олимпийн олон олон алдартан, аваргууд төрөх
орон” хэмээсэн.

Тийм ээ, бид олимпийн аваргатай улс. Дахиад ч олимпийн олон аварга Монгол Улсаас төрнө гэдэгт би итгэдэг.

Лондонгийн олимпийн наадамд оролцохоор эрхээ авсан Монголын тамирчид:

Марафон:Б.Сэр-Од, Л.Отгонбаяр
Буудлага: О.Гүндэгмаа, Н.Баяраа
Байт харваа: Ж.Гантөгс, Б.Урантунгалаг

Чөлөөт бөх: Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Наранбаатар, П.Өнөрбат, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат
Бокс: П.Сэрдамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат
Усан спорт: А.Тамир, Г.Оюунгэрэл
Жүдо: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж