Газрын тосны хориг ирэх сарын 1-нээс үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Газрын тосны хориг ирэх сарын 1-нээс үйлчилнэ

Ираны газрын тосны худалдааны эсрэг Европын холбооны хориг арга хэмжээ ирэх сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх гэнэ. Энэ тухай Люксенбург хотноо болсон Европын холбооны Сайд нарын Дээд хэмжээний чуулганаар Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг мэдэгджээ. Тэрбээр “Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авч эхэлсэн ч Тегеран энэ байдлыг өөрчлөхөд оройтоогүй байна” хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.

Газрын тос тус улсын “амин сүнс” учир худалдаанд хориг тавьснаар эдийн засагт нь багагүй дарамт учруулна гэж Европын холбоо үзэж байгаа аж. Евро бүсийн орнууд Ираны газрын тосны экспортын  20 хувийг худалдан авдаг томоохон хэрэглэгч юм. Харин үлдсэн дийлэнх хувийг Азийн орнууд руу экпортолдог. Тиймээс Европын холбоо Азийн орнуудыг Иранаас газрын тос импортлохгүй байхыг ятгаж байна. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэн олон улс энэхүү хориг арга хэмжээнд нэгдэж байгаа билээ. Өмнөд Солонгос ирэх сарын нэгнээс Иранаас авах газрын тосны импортоо зогсоох болсноо албан ёсоор мэдэгдэв.

Иран улс дээрх хоригийн хариуд Персийн булангийн газрын тосны үйлдвэрлэгч орнуудын тээвэрлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаана хэмээн сүрдүүлээд байгаа юм. Өнгөрсөн жил тус улс нь Ормузын хоолойн ойролцоо 10 хоног цэргийн хээрийн сургуулилт явуулан, хэд хэдэн пуужингийн туршилт хийж, халдлагад бэлэн гэдгээ харуулсан.

Тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээ нь дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийг огцом өсгөж, 150 ам.долларт хүргэж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.  

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж