Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” өчигдөр Английн Лондон хотноо Бүх английн лаун теннисний талбайд эхэлсэн билээ. Өчигдөр тус тэмцээний нэгдүгээр тойргийн эхний тоглолтууд явагдаж шилдэг теннисчдээс АНУ-ын теннисчин Винус Уильямс болон Чехийн Томаш Бердых нар тэмцээнийг орхисон байна. Винус Уильямс “Их дуулга”-ын долоон түрүүг авахдаа “Уимбльдон”-ы таван түрүүг хүртэж байсан (2000-01, 2005, 2007-08) ажээ. Тэрбээр чансааны 76-д эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Елена Веснинад 1:6, 3:6-аар ялагдал хүлээсэн байна.
Чансааны зургаад эрэмбэлэгдэж буй Чехийн Томаш Бердых Латвийн Эрнесту Гулбисуд гурван үеийн турш (6:7, 6:7, 6:7)-оор ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. Энэхүү тоглолт 2 цаг 34 минут үргэлжилсэн байна.
Нэгдүгээр тойргийн бас нэгэн сонирхолтой тоглолт Белгийн Ким Клейстерс (47) болон Сербийн Елана Янкович (18) нарын хооронд болсон байна. “Их дуулга”-ын дөрвөн түрүүт Ким Клейстерс Янковичийг 6:2, 6:4-ийн харьцаагаар буулган авсан байна.