Герман хөгжөөн дэмжигчдээс болж дахин шийтгүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Герман хөгжөөн дэмжигчдээс болж дахин шийтгүүлэв

Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/-ноос “Евро-2012”-ын хэсгийн шатанд Данийн шигшээ багийг 2:1 хожсон тоглолтын үеэр Германы багийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан зүй бус үйлдлийн улмаас Германы хөлбөмбөгийн холбоонд 25 мянган еврогийн мөнгөн торгууль ногдуулжээ. Хөгжөөн дэмжигчдийн тухайд салют буудуулж, хөлбөмбөгийн цэнгэлдэхэд байж боломгүй, тохиромжгүй үг хэллэг бүхий уриа лоозон барьж, зүй бусаар орилж, хашхирсан хэрэглэсэн хэмээн буруутгажээ. Ажиглагчид Германы хөгжөөн дэмжигчдийн хэсэгт нео-нацист утга агуулга бүхий лоозон байсан гэжээ.

Пүрэв гаригийн үдэш хагас шигшээд Италийн багтай тоглох германчууд 24 цагийн дотор давж заалдах эрхтэй гэнэ. “Евро-2012” эхэлснээс хойш Германы хөлбөмбөгийн холбоо ийнхүү хоёр дахиа шийтгэл хүлээж байгаа юм. Зургадугаар сарын 9-нд Португалийн шигшээтэй хийсэн хэсгийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид нь өрсөлдөгч багийн тоглогчид руу хуйлсан цаас шидсэн тул холбоо нь 10 мянган еврогоор торгуулсан билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж