Төөрөлдсөн эмэгтэйн гунигт төгсгөл

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Төөрөлдсөн эмэгтэйн гунигт төгсгөл

Суут хөгжмийн зохиолч Жозеф Вердийг алдаршуулсан  гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь өнгөрсөн бямба гаригт УДБЭТ-ын тайзнаа заларлаа. Дуурийн театрын уран бүтээлийн 49 дэх улирлын дуурийн тоглолтыг өндөрлүүлсэн “Травиата” дуурийн гол дүрүүдэд тус театрын шилдэг уран бүтээлчид буюу Виолеттад сопрано Ө.Уянга, Флорад меццо-сопрано, Буриад Улсын Гавьяат жүжигчин Д.Долгормаа, Альфредэд тенор Г.Шижирболд, Альфредын эцэг Жермонд М.И. Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, баритон Э.Анхбаяр, Виолеттагийн зарц Анинад сопрано Ш.Наранчимэг, Гастонд тенор М.Даваадорж, Баронд П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Маркиз Обиньид Б.Алтанхуяг, Докторт басс Ч.Чинзориг, Жозефэд А.Анар-Эрдэнэ нар болон цыган, испани бүжгүүдийг  театрын балетын жүжигчид бүжин, найрал дууны ангийн уран бүтээлчид оролцон тоглолоо.

Энэхүү дуурь нь Александр Дьюмагийн зохиолоор хийсэн “La dame aux Camйlias” жүжиг дээр үндэслэгдэн 1852 онд зохиогджээ. Травиата гэдэг нь “Төөрөлдсөн эмэгтэй” гэсэн утгатай. Уг дуурийн анхны нэр нь Виолетта буюу гол дүрийн эмэгтэйн нэрээр нэрлэгдэж байжээ.

Үдэшлэг дээрх хайрын эхлэл

Дуурийн үйл явдал XIX зууны үед Парист эхэлнэ. Виолетта Валери Парис дахь өөрийн гэртээ хүнд өвчнөөс дахин сэргэснийгээ тэмдэглэн үдэшлэг зохионо. Виолетта найр цэнгээн зохион байгуулдгаараа цуутай нэгэн. Үдэшлэг дээр Гастон гүнтэн өөрийн найз язгууртан Алфредо Жермонтыг авчирна. Алфредо Жермонт нь Виолеттыг удаан хугацааны турш сэтгэлдээ хайрласаар ирсэн эрхэм. Үдэшлэг дээр Гастон гүнтэн Виолетта Алфредог түүнийг хайрлаж явдаг тухай, мөн өвчтэй хэвтэж байх үед нь өдөр бүр гэрт нь ирдэг байсаныг хэлнэ. Энэ үед Алфредо Виолеттад Гастоны хэлсэн бүхэн үнэн гэдгийг хэлэн хайр сэтгэлээ илчилнэ. Гэвч Барон түүнийг үдэшлэг рүү дагуулж орохоор Виолеттагийн хажууд хүлээн зогсоно. Барон ч Виолеттад хайртай бөгөөд энэ хүрээнийхэн дундаа эрх мэдэлтэй, чинээлэг нэгэн юм. Бароныг үдэшлэгт зориулан хундаганы үг хэлэхийг асуух боловч татгалзсан тул цугларсан олон Алфредог хундаганы үг хэлэхийг гуйна. Алфредо Виолетта, болон зочдод хандан “Libiamo ne’ lieti calici” буюу алдарт “Хундаганы дуу”-г дуулах ажгуу. Нөгөө өрөөнөөс хөгжмийн ая эгшиглэхэд цугларсан олон бүжиглэхээр явцгаана. Толгой нь эргэж бие нь тавгүйтсэн Виолетта зочдоос өөрийг нь орхиод бүжиглэхээр явахыг хүснэ. Алфредо Виолеттаг ганцаараа байхад орж ирэн түүнийг халамжилж хайр сэтгэл нь үнэн гэдгийг батлан өөрийн хайрыг илчилнэ Алфредо, Виолетта нарын хослон дуулдаг “Un dм, felice, eterea” буюу “Тантай учирсан өдөр” ари эгшиглэнэ. Эхэндээ Виолетта түүний сэтгэлийг үл тоох боловч Алфредогийн ямар нэг зүйл түүнийг татна. Алфредог явах үед Виолетта түүнд цэцэг өгөөд тэр цэцгийг гундахын цагт эргэн ирээрэй гэж захина. Ингээд Виолетта түүнд дараачийн өдөр уулзахаа амлана.

Бүх зочид явсны дараа Виолетта Алфредог өөрийнх нь амьдралд хэрэгтэй байгаа тэр хүн мөн эсэх талаар эргэцүүлнэ Виолетта энэ үедээ “Ah, fors’и lui” буюу “Магадгүй тэр мөн байх” ариг дуулдаг. Эцэст нь Виолеттад өөрийн амьдралаар амьдрах эрх чөлөө хэрэгтэй байгааг ойлгоно.Тайзны араас хайрын тухай дуулан гудамжаар алхах Алфредогийн дуу сонсдоно. Дуурь үзэж суухад амсдаг бас нэгэн аз жаргал бол тайз засал, дуучдын жүжиглэлт, хувцасны загварууд. Яг л тухайн цаг үед эргээд очсон мэт сэтгэгдлийг гүн гүнзгий төрүүлж чаддаг.

Хайртай ч хагацъя

Парисаас гадагш Виолеттагийн хөдөө гэрт дуурийн хоёрдугаар үзэгдэл өрнөнө.

Гурван сарын дараа Виолетта, Алфредо хоёр Парисын гадна хөдөө зуслангийн байшинд хоёул хамт амьдарна. Виолетта Алфредод хайр сэтгэлтэй болж өөрийн өмнөх амьдралыг бүрэн мартжээ. Алфредо өөрийн хамтын жаргалтай амьдралынхаа талаар “De miei bollenti spiriti” буюу “Миний баяр хөөрийн онгон мөрөөдөл” ариг дуулдаг. Энэ үед зарц Аннина Парисаас их л яарч сандарсаар ирэх ба Алфредод өөрийнх нь эзэгтэй одоогийн амьдралаа залгуулахын тулд морьдууд болон сүйх тэрэг гээд өөрийн эзэмшлийн бүх зүйлийг заруулахаар явуулсныг хэлнэ.Үүнийг сонссон Алфредо цочирдож Парис руу уг асуудлыг зохицуулахаар өөрийн биеэр явна. Энэ үеэр Виолетта гэртээ ирж өөрийн найз Флорагаас Парист болох үдэшлэгийн урилгыг хүлээн авна. Гэвч тэрбээр хайртай залуутайгаа аз жаргалтай байгаа учраас өнгөрсөн үдэшлэг хэсэж олны дунд байдаг амьдралаасаа татгалзан тэрхүү урилгыг үл тоодог. Гэтэл энэ үед Алфредогийн эцэг гэрт нь ирэн Виолеттагийн олны дундах зугаа цэнгэл хөөж явсан нэр хүндээс болоод Алфредогийн охин дүүгийн сүй тавихад нь муугаар нөлөөлж байгааг дуулгадаг.  Алфредогийн эцэг гэр бүлийнхээ нэр хүндийг аврахын тулд Виолеттаг Алфреддогоос хайр сэтгэлийн холбоогоо таслахыг шаардана. Тэрбээр “Pura siccome un angelo” буюу “Надад нэг тэнгэрийн сахиус шиг охин бий” ариг дуулдаг. Виолетта Алфреддод чин сэтгэл зүрхнээсээ хайртай учир уг харилцаагаа таслаж чадахгүй гэх боловч Жоржио түүнээс гэр бүлийнхээ өмнөөс үүнийг хийхийг түүнээс гуйна. Шаналсан бүсгүй эцэст нь уг хүсэлтийг хүлээн авахаар болж Виолетта, Жоржиод “Dite alla giovine” буюу “Үүнийг өөрийн хүүдээ хэлээрэй” хэмээх ариг дуулан Жоржиог үдэн гаргаж өгнө. Бүсгүйн сайхан сэтгэл, гаргаж буй золиост нь талархаж бүсгүйн духан дээр нь үнсээд уйлан үлдэх түүнийг ганцааранг нь орхин явна.

Хууралт

Виолетта Флорагийн урилгыг хүлээн авсан гэдгээ мэдэгдсан захиаг Аннинад өгөөд Алфредотой салах ёс гүйцэтгэх захиаг бичин сууж байтал Алфредо орж ирнэ. Бүсгүй өөрийн сэтгэлийг барьж чадалгүй уйлах бөгөөд Алфредод өөрийн хичнээн их хайртай болохоо дахин дахин хэлнэ. Виолетта Парис руу яаран замд гарахаасаа өмнө өөрийн зарцдаа Алфредод бичсэн захиаг өгнө. Удалгүй зарц нь ирж Алфредод захидлыг өгөх үед Жоржио эргэн ирж хүүгээ тайвшруулахыг оролдож Провенци дэхь гэрийнхэн нь түүнийг хүлээж байгаа талаар сануулна. Алфредо Виолетта хоёрын салж байгаа шалтгааны цаана Барон байгаа гэж Алфредо сэжиглэх бөгөөд ширээн дээрх үдэшлэгийн урилгыг олж харсан нь түүнийг уг бодлоо улам батжуулахад хүргэнэ.Ингээд тэр Виолеттатай уулзахын тулд үдэшлэгийг зорино. Жоржио Алфредог зогсоохыг оролдсон ч чаддаггүй.

Өс хонзон, үзэн ядалт

Үдэшлэг дээр Маркиз Флорад Виолетта Алфредо хоёр салсан талаар дуулгана. Флора олныг хөгжөөгчдөд ирсэн зочидыг хөгжөөхөөр дуудна. Энэ үед танхимд залуу цыганууд мэргэн хийн, эрчүүд Мадридад болсон бухтай тулааныг бахдан ярина. Гастон болон түүний найзууд матадоруудтай нэгдэж хамт дуулна. Харин энэ үед Алфредо ганцаараа ирэн цугласан зочид түүнээс Виолеттаг асуусан ч мэдэхгүй хамт байхгүй байгаа гэнэ. Зочид тэднийг салсан үнэн юм байна хэмээн өөр хоорондоо ярьж байтал гаднаас Виолетта Барон Дюфогийн хамтаар сугадалцан үдэшлэгт ирнэ. Алфредо мөрийтэй тоглоом тоглон суугаа харагдана. Тэр хоёрыг харангуутаа Алфредо Виолеттаг гэртээ аваад харина гэдгээ чангаар мэдэгдэнэ. Үүнд дургүй нь хүрсэн Барон мөрийтэй тоглоомын ширээн дээр очиж тэдний тоглоомонд нэгдэнэ. Тэд мөрийгөө тавьж тоглох ба Алфредо их хэмжээний мөнгө хожих үед Флора оройн хоол бэлэн болсон тухай зарлана. Их мөнгө хожсон Алфредо ширээг орхин явна.Бүгд өрөөг орхин явах үед Виолетта Алфредог өөртэй нь уулзахыг хүснэ. Уур нь хүрсэн Барон Алфредог дуэлд дуудаж магад гэдгээс сэрэмжилж Алфредог явахыг гуйдаг. Үүнийг буруугаар ойлгосон Алфредо Виолеттаг Баронд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрөхийг шаардана. Уй гашууд автсан бүсгүй үүнийг хүлээн зөшөөрөхөд машид ихээр уур нь хүрсэн Алфредо ирсэн зочдыг гэрч болгохоор дуудан “Questa donna conoscete” буюу “Та нар энэ эмэгтэйг мэдэх үү?” ариг дуулдаг. Тэр ирсэн зочдын өмнө Виолеттаг гутаан доромжилж энэ бүсгүй надтай амьдрахын тулд өөрийн бүх хөрөнгөө худалдсан тэгээд хаяад явсан та нар гэрч бол би тэрхүү мөнгийг нь эргүүлэн өгч байна гээд халааснаасаа мөнгө гаргаж ирэн Виолеттагийн хөл дор шиднэ. Бүсгүй өөрийн эрхгүй сөхрөн унана. Ирсэн зочид Алфредогийн энэ үйлдлийг буруушааж “Энэ газрыг орхин од, бид чамайг үзэн ядаж байна. Чи язгууртан эмэгтэйг доромжиллоо” хэмээн нийтээрээ буруутгана.Хүүгээ хайсан Жоржио танхимд орж ирэн болсон үйл явдлыг хараад хүүгийнхээ хийсэн үйлдлийг буруутган шүүмжилнэ. Флора болон бусад бүсгүйчүүд Виолеттаг уг өрөөнөөс гарахыг ятгах боловч Виолетта Алфредод хандан “Alfredo, Alfredo, di questo core non puoi comprendere tutto l’amore” буюу  “Алфредо, Алфредо, миний чамайгаа хайрлах хайрыг чи минь төсөөлөхгүй дээ” ариг дуулан хоёрдугаар үзэгдэл дуусдаг.


Хүлээлт, уулзалт, хагацал

Виолеттагийн унтлагын өрөөнд гуравдугаар үзэгдэл эхэлнэ. Виолетта өөрийн зарц Аннинад цонхоо нээгийг хүснэ. Гэтэл гадаа багт наадмын дуу эгшиглэн Виолеттагын сэтгэлийг сэргээдэг ч тэрбээр өөрийгөө удахгүй гэдэгтэй хэдийнээ эвлэрсэн байдаг.Тиймээс өөрт үлдсэн мөнгөө зарц бүсгйүгээрээ тоолуулан хагасыг нь багт наадмын хүүхдүүдэд тарааж өгөхийг даалгадаг. Гренвил эмч түүн дээр ирж биеийг нь үзээд Аннинад Виолеттагийн сүрьеэ өвчин хүндэрсэн тул удаан амьдрах насгүй болсон тухай хэлнэ. Өрөөндөө ганцаараа хэвтэх Виолетта Алфредогийн эцгээс ирүүлсэн захиаг уншина. Барон Алфредотой хийсэн дуэлд Барон зөвхөн шархадсанаар дуэл дуусгавар болсон ба Жоржио хүүдээ Виолеттагийн гаргасан золиосын талаар хэлсэн мөн тэрээр хүүгээ өөртэй нь хурдан уулзаж өршөөл эрүүлэхээр илгээснийг захиандаа дурьджээ. Гэвч Виолетта хэтэрхий оройтсон гэдгийг ойлгоно. Виолетта “Addio del passato” буюу “Ингээд миний гунигт түүх дууслаа” ариг дуулдаг. Аннина Алфредогийн ирсэн талаар эзэгтэйдээ баяртай мэдээ дуулгахаар өрөөнд яаран орж ирнэ. Дурлалт хосууд эргэн нийлж, Алфредо Парисаас явцгаахыг санал болгоно тэд хамтдаа “Parigi, o cara , noi lasceremo” буюу “Хайрт минь, Парисаас явцгаая” ариг хоршин дуулдаг. Гэвч одоо хэтэрхий оройтжээ. Бүсгүй өөрийнх нь амьдрах хугацаа дууссаныг мэднэ. Алфредо, Виолетта нар “Gran Dio! morir si giovane” буюу “Бурхан минь! Ийм залуугаараа үхэх гэж үү” хэмээн дуулдаг. Алфредогийн эцэг эмчийн хамтаар өрөөнд орж ирэн өөрийн хийсэн зүйлдээ харамсаж буйгаа илэрхийлэн түүнийг хамтдаа гэрт нь очиж амьдрахыг гуйдаг ч хэдийнээ оройтсон гэдгийг ойлгон өөрийгөө буруутгана. Бие нь улам муудсан Виолетта гэнэт сэргэж өөрийн өвчин шаналал үгүй болсон тухай хэлнэ. Гэвч төд удалгүй бүсгүй Алфредогийн гар дээр өөд болно.

Энэхүү дуурийн турш  Виолеттагийн хайр сэтгэл, шаналал зовлонг илэрхийлсэн олон ари тасралтгүй дуулагддаг. Тэр бүхнийг дуурийн театрын шилдэг залуу сопрануудын нэг, “гургалдайн хоолойт” гэгдэх Ө.Уянга маш чадварлагаар амьдруулсан юм.  

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж