“Хослолыг ногоон алтны туяатай байлгая гэж шийдсэн”

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

“Хослолыг ногоон алтны туяатай байлгая гэж шийдсэн”

Лондонгийн зуны ХХХ олимпийн тоглолтод оролцох Монголын баг тамирчидын хувцсыг  “Шилмэл загвар” компани урласан. Загвар зохион бүтээгч Б.Цогтгэрэл зохиогч нь. Түүнтэй холбогдож хувцасны өнгө, загварын шийдлийн талаар тодруулсан юм.

– Сайхан хувцас болсон санагдлаа. Танд баяр хүргэе. Загвар бүхэлдээ таных уу?

– Баярлалаа. Миний нэр дээр бүртгүүлсэн болохоос манай компанийн бүх л ажилтны бүтээл. Хүн бүр оролцсон.

– Загварын гол санаа юу вэ?

– Дэлхийн давцанд улсын нэр хүнд, имижийг илтгэх учраас үндэсний онцлогийг харуулахын зэрэгцээ монголчууд хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа гэдгийг илтгэх ёстой. Тиймээс сонгодог загварт суурилуулж, монгол усан хээ урлах зэргээр үндэсний шинжээ товойлгосон шийдэлтэй.

– Их гоё дулаахан шаргал өнгөтэй юм. Чухам яагаад ийм өнгөтэй байхаар сонгосон бэ?

– Шар бол алтан медалийн өнгө шүү дээ. Гэхдээ хурц шар болоод ирэхээр хятад маягийн болчихно. Тиймээс ногоон алтны гэж ярьдаг бор шаргал туяа уусгаж өгсөн. Энэ удаагийн олимпийн тамирчдын хувцасны гол элемент бол төрийн далбааны өнгөтэй ороолт.

Р.ЖАРГАЛ
“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж