
Түүхийн үнэт олдворын нэг болох энэ хирсний ясыг Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан хэнтий” чуулгын шинэ барилгыг барьж байсан ажилчид зургадугаар сарын 14-ний орой олжээ. Ингэхдээ барилгачид дөрвөн метрийн гүнээс эхний ээлжинд гараар гарган авч, дараа нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, музейн ажилчид үзээд хирсний яс хэмээн таамагласан даруйдаа барилгын ажлыг хэсэгчлэн зогсоосон байна. Ийнхүү хэсэг яс олсны дараа шуурхайгаар буюу маргааш нь БСШУЯ-ны болон ШУА-ийн палентлогийн хүрээлэнгээс мэргэжилтнүүд тус аймагт очсон юм. Мэргэжилтнүүдийн эхний ээлжийн дүгнэлтээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон музейн ажилтнуудын дүгнэсэнтэй санал нэгтэйгээр хирсний яс мөн хэмээн тогтоогоод байсан билээ.