НЗДТГ, ЗАА-наас “Цэцгийн мандал-цэцгийн баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн цэцгийн баярт нийслэлийн зургаан дүүргийн цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн тохижилтын үйл ажиллагаа эрхэлдэг 80 гаруй аж, ахуйн нэгж байгууллага оролцож өөрсдийн тарьж ургуулсан цэцэгсийг иргэддээ дэлгэн танилцуулж байгаа юм.
Он гарснаас хойш Улаанбаатар хотод 20 гаруй байршилд 8000 гаруй ам.метр талбайд цэцгийн мандал байгуулжээ. Түүнчлэн 30 мянган мод, 80 гаруй мянган бут, сөөг тарьж, 20 гаруй газарт бичил цэцэрлэг байгуулсан нь нийслэлийн ногоон байгууламжийн хүрээг өргөжүүлж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат онцлон тэмдэглээд нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан зарим байгууллага, хувь хүнийг нийслэлийн шагналаар шагнаж урамшууллаа.
Хүмүүс цэцэг харахаар баяр баясгалантай байдаг тул тогтмолжоод буй энэ баярт иргэд ам сайтай байна. Цэцгийн баярыг зохион байгуулж эхэлснээс хойш цэцэг тарих хүмүүсийн тоо болоод идэвх санаачилга багагүй нэмэгджээ. Тухайлбал, цэцэг таригчдын “Хайтан” клуб өдгөө 600 гаруй гишүүн, 60 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага болон өргөжсөн байна. Тус клубийн гишүүд энэ оны хоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд гурван сая цэцэг тарьж ургуулжээ.
Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх энэ өдөрлөгийн үеэр дүүрэг бүр цэцгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд 1000 төгрөгнөөс эхлээд 400 мянган төгрөгийн үнэтэй цэцэг ч энд байна.