Берлины гей парадын шүүмжлэлд Орос өртөв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Берлины гей парадын шүүмжлэлд Орос өртөв

Берлин хотноо зохиогдсон Christopher Street Day гэх бэлгийн цөөнхийн наадамд оролцогсод Орост сексийн цөөнхийг гадуурхаж байгааг шүүмжлэв. Орос хүний эрхийг зөрчиж, бэлгийн цөөнхийг  хавчин, гадуурхсан, мөрдөн мөшгөсөн орон болж хувираад байна гэж тэд мэдэгдлээ.

Германы нийслэл Берлин хотноо жил болгон зохиогддог уламжлалын дагуу бэлгийн цөөнхийн наадам болж өнгөрлөө. Берлины Christopher Street Day (CSD) гэх уриан дор 34 дэх удаагийн гей-парад өнгөрсөн бямба гаригт боллоо. Тэрхүү парадын гол сэдэв нь Орос дахь сексийн цөөнх гадуурхагдаж байгаа явдал болов. CSD-г зохион байгуулагчид Санкт-Петербург болон Оросын бусад хотууд “Гомосексуализмын сурталчилгааг” хориглосон хоригийг шүүмжилж байна.

Бундестагийн “ногоонтнуудын” жигүүрийн гүйцэтгэх захирал Фолькер Бек (Volker Beck) Германы эрх баригчдад хандан Оросын тэрхүү хуулийг буруутгаж, тийм хэм хэмжээг ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт тогтоолгохгүй байхыг уриалав. Мөн ийм хуулийг Украинд боловсруулж байгаа талаар наадамд оролцсон ижил хүйстнүүдэд дуулгав.

Үзэсгэнэлт “гүнжүүд” ба Путин, Медведев хоёр

Ижил хүйстнүүд парад Оросын Элчин сайдын яам байрладаг Унтер-ден-Линдений цэцэрлэгт гудамжаар болж өнгөрлөө. Оросын Элчин сайдын яамны цогцолборын өмнө тэд  эсэргүүцлээ илэрхийлэв. Элчингийн байрны зүг бэлгийн цөөнхүүд янз бүрийн өнгөтэй цаасан буудлага хийжээ. Тэд Оросын ерөнхийлөгч Владимир Путин ба ерөнхий сайд Дмитрий Медведев нарыг сүйт бүсгүйн цэцгийн баглаагаар “гоёж, гоодсон” зурагт хуудсыг барьж явсан бөгөөд Орос орон бол бэлгийн цөөнхийн гадуурхлын цэг гэдгийг ил тод зарласан байна.

Берлины Кройцбергийн районоос Бранден­бургийн хаалга хүртэл зохиогдсон жагсаалд 40 тэрэгт цуваа, явган 20 бүлэг  оролцов. Зохион байгуулагчдын хэлснээр уг арга хэмжээнд 700 мянга орчим хүн оролцжээ.
 
“Берлин нээлттэй, өөр үзэл бодолд тэвчээртэй бөгөөд олон янз”

Парадыг Германы улс төр дэх сексийн цөөнхийн хамгийн нэртэй төлөөлөгчдийн нэг Берлины эрх баригч хотын дарга Клаус Воверайт (Klaus Wowereit) мөн Их Британи, Нидерланд, АНУ-ын Элчин сайд нар нээлээ.

Гомосексуалууд, лесби гээд бэлгийн цөөнхүүд өнөөдөр Германд хавчигдан гадуурхагдаж, хүчирхийлэлд өртөж байна гэж Воверайт мэдэгдэв. “Берлин нээлттэй, өөр үзэл бодолд тэвчээртэй бөгөөд олон янз” хэмээн Британийн Элчин сайд Саймон Макдоналд хэлжээ.

Өнөөдөр гомосексуализм нь дэлхийн 76 оронд эрүүгийн шийтгэлтэй, тэднээс долоон оронд нь цаазаар авах ялаар шийтгүүлж байна хэмээн Голландын Элчин сайд Франк Моллен энэ үеэр мэдэгдсэн байна.
“Мэдлэг нь хүлээн зөвшөөрөлтөд хүргэнэ”

Берлины CSD наадмын энэ жилийн уриа нь “Мэдлэг нь хүлээн зөвшөөрөлтөд хүргэнэ” гэсэн үг болж байна. Боловсрол, шинжлэх ухаан нь сексийн цөөнхүүдэд хандах олон нийтийн буруутгасан хандлагыг өөрчлөхөд тус дэм болох ёстой гэнэ.
Гей парадад оролцогсод сексийн цөөнхийн гадуурхал, гомо айдас зэрэгтэй тэмцэх иргэний эр зориг гаргахыг уриалж байв. Нийгмийн олон нийтийг бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрүүлэх системд тусгагдсан байхыг тэд шаарджээ.

Берлинд нацистуудын гарт үрэгдсэн гей, лесби нарыг дурсав

Парадын өмнө герман улстөрчид ба олон нийтийн төлөөлөгчид нацизмын үеэр амь үрэгдсэн сексийн цөөнхийн дурсгалыг хүндэтгэсэн ёслол хийсэн байв.

Берлины Тиргартен цэцэрлэг дэх национал-социалистуудын гарт амь үрэгдсэн гей болон лесби нарын хөшөөний дэргэд 80 орчим хүн тэр арга хэмжээг зохион байгуулсан байна. Тэдний дунд бундестагийн дэд спикер Петра Пау (PetraPau), Берлины сенатор Дилек Колат (Dilek Kolat) нар байв.

Тэнд үг хэлсэн хүмүүс уламжлалт бус сексийн харилцааны улмаас нацистууд томоохон харгислал явуулж, 50 мянган орчим гей-эрийг шоронд хорин тэднээс 5000 орчмыг нь цаазлан хөнөөсөн гэдгийг сануулж байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж