-Хэд хоногийн өмнө Налайхад боом гарсан байж болзошгүй гэж байсан. Энэ юу болсон бэ. Боом өвчин гарсан нь тогтоогдсон уу?
-Налайхын тавдугаар хороо “Дэл” уулын энгэрт үхсэн үхэр олдсон. Анхан шатны шинжилгээгээр боом байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан. Өнөөдөр /өчигдөр/ өглөө сүүлийн шинжилгээ хийж, боом гэдгийг нь тогтоосон. Тиймээс манай албанаас нэн даруй арга хэмжээ авч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Үхсэн үхэр илэрсэн ойр орчмын гурван километрын радиуст 14 хоногийн хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа. Энэ хугацаанд иргэдийг хорио цээрийн бүсээс гаргахгүй, мөр тэр хавиас малын түүхий эд болон бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх юм.
-Тэр хавьд Тэрэлжийн амралтын газрууд олноороо байдаг. Тиймээс үүнийг хэрхэн зохицуулах вэ. Хорио цээрийг зөрчих явдал гарвал яах вэ?
-Тэр хавьд олон амралтын газар байдаг. Үүнийхээ хэрээр яг хорио цээрийн дэглэм тогтоосон айлуудаас мах, сүү авдаг байсан гэдгийг тогтоосон. Тийм учраас энэ радиусын дөрвөн хэсэгт хяналтын пост гарган ажиллаж байгаа. Харин Тэрэлжийн гүүр, Улаанбаатар хотод зүүн талаас орж ирдэг хэсэгт, Налайхын төвд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг явуулах гурван хэсэг гаргасан.
-Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш өвчилсөн тохиолдол гарсан уу?
-Хүн, мал аль аль нь өвчилсөн зүйл одоогоор алга. Гэхдээ санаа зовоож байгаа хоёр хүн бий. Даваасүрэн гэдэг айлынд хэсэг хугацааг өнгөрөөж байгаа Цолмонбаатар гэдэг хүн гараа гэмтээснээс болж шарх нь бугласан байна. Тиймээс Налайхын эрүүл мэндийн хэлтсээс эмч нар ирж шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Мөн долоон настай хүүхэд шарх нь идээлсэн байгаа учраас эмч нарын хяналтад байна.
-Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд сонгуулийн насны хэдэн хүн байдаг вэ. Эдгээр хүмүүс саналаа яаж өгөх вэ?
-Хорио цээрийн бүсэд дөрвөн хүүхэд, 11 том хүн байгаа. Сонгуулийн насанд хүрсэн хүмүүсийн эрх нь огт зөрчигдөхгүй. Учир нь Төв аймгийн Эрдэнэ сумын сонгуулийн хэсгийн хорооныхонтой уулзаж ярилцсан. Явуулын хайрцгаар саналыг нь хураахаар болсон. Өөрөөр хэлбэл хайрцаг авч явж байгаа хүмүүсийг хяналтын постоор ариутгалын дагуу нэвтрүүлээд, санал авсаны дараа дахин сайтар халдваргүйжүүлж байж хорио цээрийн бүсээс гаргах учиртай.
-Сүүлийн өдрүүдэд нийслэл үргэлжилсэн бороо орж байна. Үүнээс болж ямар нэгэн асуудал үүсч байна уу. Учир нь өнгөрсөн долоо хоногт Дарь-Эхэд үер бууснаас болж зарим айл орон гэргүй болсон шүү дээ?
-Хүчтэй үер усны аюул болсонгүй. Харин нэг зүйлийг сэрэмжлүүлмээр байна. Ус цаг уурын газраас бидэнд ирүүлж байгаа мэдээллээр энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжилсэн бороотой байгаа. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Одоогийн байдлаар үерийн аман дээр буусан айлууд газраа чөлөөлөөгүй л байгаа шүү дээ. Тиймээс болзошгүй аюулаас сэргийлэх хэрэгтэй. Энэ сарын 19-нд болсон үерийн улмаас Дундговь аймагт хоёр хүн машинтайгаа амиа алдсан. Түүнчлэн үерт өртсөн Дарь-Эх орчмын газрыг цэвэрлэж байна. Одоогоор 680 гаруй км газрыг цэвэрлэсэн байна гэсэн мэдээлэл дөнгөж сая ирлээ.