Уулзалтад оролцогсод сонгуулийн тогтолцоо, автомат техникээр санал тоолох шийдвэр гаргах болсон шалтгаан, ач холбогдол, санал тоолох техниктэй холбоотой маргаан гарвал асуудлыг хэрхэн шийдвэрлэх, сонгуулийн дүнг албан ёсоор хэдийд гаргаж олон нийтэд мэдээлэх, ямар тохиолдолд саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах, түүнийг хэрхэн тоолох, сонгуультай холбоотой өргөдөл гомдлыг хэрхэн барагдуулж байгаа зэрэг асуултыг СЕХ-ны удирдлагад тавьж хариулт авав.
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зарим тохиолдолд хуулийн дагуу явагдсан эсэх, хууль зөрчиж сурталчилгаа хийсэн, сонгогчдын нэрийн жагсаалт, мөн сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, хүсэлт зонхилж байгааг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн тэмдэглээд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр санал тоолох автомат системийн талаар сөрөг, буруу ташаа сурталчилгаа хийгдэж байгааг шүүмжиллээ.
Мөн санал тоолох техник хэрэгслийг тодорхой журмын дагуу хүлээн авахаас аваад баталгаажуулж, гэрчилгээжүүлэх, туршиж ажиллагааг нь хянан шалгах, туршилтын санал хураалт явуулах зэргээр тэдгээрийг найдвартай, баталгаатай эсэхийг хянан шалгасан төдийгүй суурин телефон холбоогүй сонгуулийн хэсгийн хороодын мэдээллийг цаг алдалгүй, шуурхай авах боломжтой хувилбарыг давхар тооцож үзсэн тухай тэрээр танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав хэлсэн үгэндээ, сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлах өргөн боломжийг зохих журмын дагуу олгож байгааг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэлийг хангах зохион байгуулалтын бүхий л арга хэмжээ аваад байна гэдгээ цохон тэмдэглэсэн юм. Өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн байрандаа санал тоолох техникийг ажиллуулж улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд танилцууллаа. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бүх тойргийн хороодын удирдлагатай радио хурал хийх юм байна. Энэ үеэр сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон үлдэж байгаа хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан ямар асуудал байгаа талаар ярилцаж, сонгуулийн бэлэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгнө гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.