Холбооны шүүхийн шийдвэрийн дагуу “Heritage Auction House”-ын мэдэлд
байсан “Батаар” үлэг гүрвэлийн ясыг өнгөрөгч баасан гаригт буюу
зургадугаар сарын 22-нд Нью-Йоркийн Квинс дүүрэг дэх агуулахаас хураан
улсын хяналтад авчээ.
Монголоос гаралтай “Батаар” үлэг гүрвэлийн ясыг өнгөрсөн тавдугаар сарын
20-нд Нью-Йоркт хууль бусаар дуудлага худалдаанд оруулсан учир
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын өмгөөлөгч Роберт Пэйнтэрт хандсан юм.
Роберт Пэйнтэр АНУ, Канад, Монголын мэргэжилтнүүдийн хамтаар үлэг
гүрвэлийн ясыг Говийн Нэмэгтийн орчмоос малтаж, хууль бусаар хил
давуулсныг тогтоон Холбооны шүүхээс улсын мэдэлд хураан авах шийдвэрийг тавдугаар сарын 28-нд гаргуулж чадсан билээ.
“Батаар” үлэг гүрвэлийн ясыг хураан авах үйл ажиллагаанд оролцож,
хөндлөнгөөс хянасан Роберт Пэйнтэр “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, үлэг
гүрвэлийн ясыг хураан авахыг хараад шударга ёс ямар хүчтэй байдгийг
мэдэрлээ. Ардчилсан улс оронд хууль ёс хэрхэн шударгаар үйлчилдгийн нэг
тод жишээ энэ юм. Одоо “Батаар”-ыг хууль ёсны эзэнд нь, Монголын ард
түмэнд хүлээлгэн өгөхөд дөхөмтэй боллоо” хэмээв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам болон
Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүгч Прийт Барара түргэн шуурхай ажилласанд
талархал илэрхийлье. Бид “Батаар” үлэг гүрвэлийг Монголын ард түмэнд
эргүүлэн өгөхөд нэг алхам ойртлоо. Бид үүгээрээ түүх дурсгалын эд
зүйлийг хууль бусаар хил давуулагч этгээдүүдэд хатуу сануулга өгч
чадлаа. Эрх чөлөө, шударга ёс, хуулийн тогтолцоогоор АНУ дэлхий нийтэд
үлгэр дууриал үзүүлдэг болохоо харууллаа. Хууль ёсоо дээдэлж, бидэнтэй
хамтран ажиллан Монголын түүхийн үнэт өвийг эргүүлэн өгөх үйлсэд гар бие
оролцсон хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэсэн байна.
Шинжлэх ухааны академийн албан ёсны төлөөлөгч, судлаач М.Болорцэцэг
“Үлэг гүрвэлийн ясыг хураан авч буй үйл явцыг бид баримтжуулж, зургийг
нь авлаа. Үнэхээр үйл явдал гайхалтай өрнөж, бидний хүчин зүтгэл талаар
болоогүйд баяртай байна. Шүүхийн шийдвэрийг ийм хурдан биелүүлж, үлэг
гүрвэлийн араг ясыг хурааж авна чинээ санасангүй” гэжээ.