СЭЗДС 88 дахь эрдмийн баяраа хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

СЭЗДС 88 дахь эрдмийн баяраа хийлээ

88 жилийн түүхтэй Монголын ууган их, дээд сургуулийн нэг Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн эрдмийн баяр өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд боллоо. Энэ баяр 88 дахь хичээлийн жилийн төгсөлтийн баяраас гадна Монголоос анх удаа дэлхийн хэмжээний их сургуулийн магадлан итгэмжлэлийг Санхүү, эдийн засгийн сургууль гардаж авсаны давхар баяр болсноороо онцлог байлаа.

Тэртээ 1924 онд анх гаалийн мэргэжилтэн бэлтгэх сургууль хэмээн үүсэн байгуулагдаж байсан Санхүү, эдийн засгийн дээд сургууль нэг л мэдэхэд 88 хавартай золгож, МУ-ын эдийн засаг, банк санхүүгийн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх их үйлсэд томоохон хувь нэмрийг оруулсаар байна. Тус сургууль нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, бизнесийн удирдлага, менежмент, даатгал, банкны салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж, тус сургуулийн төгссөн үе үеийн шилдгүүд төр нийгмийн салбарын алдар хүндтэй, олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болж төлөвшдөг нь сургуулийн бахархал юм. Энэ хичээлийн жилд тус сургуулийг бакалавр, бямба гаригийн хөтөлбөрийн 327 оюутан төгсөж байгаа бөгөөд тэдний диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй нь хамгийн гол бахархал юм. Дөрвөн жилийн өмнөөс Дэлхийн их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлд багтахаар хичээсэн Санхүү, эдийн засгийн дээд сургууль энэ жил буюу 2012 оны 4 сарын 26 нд энэхүү магадлан итгэмжлэлээ албан ёсоор гардаж авсан бөгөөд дэлхийн томоохон хэмжээний 24 их дээд сургуулийн нэгэнд монголоос анх удаа багтаснаараа боловсролын салбарын түүхийн хуудсыг шинээр эргүүлэх боломжийг бүрдүүлсэн үйл явдал болж байгаа юм.

Мөн энэ өдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом бүхий 39 мастер санхүүгийн салбарт шинээр мэндэлсэн нь сургуулийн бас нэгэн баяр. Дашрамд дуулгахад, СЭЗДС-ийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, магадлан итгэмжлэгдсэн дипломыг АНУ-ын Балтимор хотноо болсон АСBSP буюу “Бизнесийн сургууль” хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлөөс хэдхэн хоногийн өмнө гардуулан өгсөн бөгөөд энэ цагаас хойш тус сургуулийг төгссөн оюутан бүрийн дипломонд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг гэрчлэх тусгай тэмдэглэгээ тавигдах юм. Ийм тэмдэглэгээ тавигдсанаар Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсөн гарсан мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй хэсэг болж, ирээдүйн бүхий л баталгаагаа бий болгож байна гэсэн үг. Өнөөдөр болсон эрдмийн баярын арга хэмжээний үеэр санхүүгийн багш нар оюутанууддаа бэлэг барьж сургуулийнхаа сүлд дууллыг дуулж, мөн цэнгээнт бүжгийн 11 удаагийн улсын аварга, тус сургуулийн нэрийн хуудас болсон “Улаан сарнай” хамтлаг “Уран хас”-аа бүжиглэж, авьяаслаг оюутнууд дуу хуураа өргөн барьснаас гадна тус сургуулийн төгсөгч  “Камертон” хамтлагийнхан 88 дахь удаагийн эрдмийн баярт оролцсон юм. Хонхны дуутай, багш шавийн баярын нулимстай санхүүчдийн эрдмийн баяр ийнхүү давхар  баяртайгаар  амжилттай боллоо.

Г.ТЭГШЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж