Тус киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичин УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар найруулсан юм.
Энэхүү киног телевизийн дэлгэцээр гаргах албан ёсны эрхийг NTV телевиз худалдан авч, ийнхүү үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа аж. Киног гаргах албан ёсны эрхийг ямар үнээр авсан нь тодорхойгүй байгаа ч багагүй мөнгө төлсөн гэх мэдээллийг тус телевизийн захирал М.Уламбадрах үгүйсгэсэнгүй. Тэрбээр ”Бид оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн ажиллахыг хичээдэг. Монголд өч төчнөөн ТВ үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөн ширүүн байна. Олны анхаарал татаж шуугиан тарьж буй энэ киног нээлтээ хийсэн өдрөөс нь өөрийн ТВ-ээр гаргахыг хүсч хэлэлцээр хийж ирсэн. Тохиролцоонд хүрч энэ эрхийг авсандаа сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн юм.