Манай улс 15 сая төл хүлээн авснаар малын тоо толгой 50 саяд хүрч, түүхэндээ байгаагүй амжилт гаргалаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай энэ тухай Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд товч мэдээлж, 50 сая толгой малтай болсныг илтгэсэн дурсгалын зүйлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардууллаа. Төр, засгаас мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, малчдын нөр их хөдөлмөрийн дүнд монголчууд бид хамтдаа ийм өндөр амжилт үзүүллээ, тэнгэр хангай ч ивээлээ хайрлалаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.