“Таван хошуу мал ихэрлэсэн жил болж байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

“Таван хошуу мал ихэрлэсэн жил болж байна”

Энэ оны зургадугаар сарын 15-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд зуншлага сайн, 50 гаруй хувьд дунд, 20 орчим хувь буюу Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Дундговийнх ихэнх хэсгээр, Хөвсгөл зэрэг аймгуудад муу байгаа талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Зуншлага  дунд зэрэг байгаа энэ үед 14,3 сая мал төллөжээ.

Энэ талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаас тодрууллаа.

-Энэ зун зуншлага хэр байх хандлагатай байна вэ?

-Цаашид зургадугаар сарын сүүлийн 10 хоногт нийт нутгаар үүлшиж, хур тунадас орох бөгөөд агаарын температурын хувьд олон жилийн дундаж хэмжээнд байх төлөвтэй байна.

-Энэ жил олон мал ихэрлэж, мал аж ахуйн салбарт онцлог жил болж байна гэсэн. Улсын хэмжээнд хэд орчим мал төллөсөн бэ?

-Энэ жил улсын хэмжээнд нийт 15,7 сая хээлтэгч мал төллөх ёстой байснаас зургадугаар сарын 15-ны байдлаар оны эхний нийт хээлтэгч малын 89,5 хувь буюу 14 сая мал төллөж, 14,3 сая төл бойжиж байна. Ингэснээр оны эхэнд байсан 36,3 сая мал болон бойжуулсан төлөөс зүй бусын хорогдол 238,4 мянган малыг хасч тооцвол Монгол Улс 50,3 сая малтай боллоо. Үндсэндээ эх малын гурван хувь нь ихэрлэж, 300 мянган төл бойжиж байна. Ингэхдээ таван хошуу малын төрөл бүрээс ихэрлэсэн нь онцлог сайхан тохиолдол юм.

-Мал ийнхүү өсөх болсонд цаг агаарын тааламжтай байдлаас гадна өвс тэжээл сайтай байсан нь нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яахав. Өвс тэжээл дутагдалтай байгаа аймгуудад өвс тэжээлийг малчдад гурван сарын хугацаанд хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг хийлээ. Малын тордлогоо сайтай байлаа гэж хэлж болох юм. Ер нь цаашдаа малыг өсгөхдөө гол нь бус, чанаржуулах нь чухал юм. Үүний тулд “Монгол мал” хөтөлбөрийн санхүүжилтыг малыг чанаржуулахад голдуу анхаарч зарцуулна.  Мөн бэлчээрийн даацыг удаан ашиглах, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодлогын зүгээс анхаарах хэрэгтэй болж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж