Давуу эрхийн хувьцаа нэмж олгохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Давуу эрхийн хувьцаа нэмж олгохоор боллоо

Засгийн газар өнөөдөр /2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/ хуралдаж, иргэн бүрт “Эрдэнэс МГЛ” компанийн  давуу эрхийн хувьцаа олгох, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөө болон Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газар иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа олгосон бол өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүртээ нэмж олгох түүхэн шийдвэр гаргалаа. “Эрдэнэс МГЛ” компани нь одоогоор “Эрдэнэс Тавантолгой”, ”Оюутолгой” гэсэн хоёр охин компанитай, стратегийн ач холбогдолтой Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Дээрх шийдвэрийн дагуу иргэд стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас насан туршдаа ногдол ашиг хүртэх боломж баталгаажиж байна. Өөрөөр хэлбэл, давуу эрхийн хувьцааны онцлог нь Монгол Улсын иргэд Засгийн газар, хувь нийлүүлэгчдээс ч түрүүлж ногдол ашгаа хүртэх боломжтой гэсэн үг юм. Энэ бол баялгийн тэгш хуваарилалтыг иргэн бүртээ шударгаар хүртээх Засгийн газрын бодлого биелэлээ олж байгаагийн бодит баталгаа гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. “Эрдэнэс МГЛ” компани нь 100 сая ширхэг энгийн, гурван сая ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй иргэн бүр давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болж байна. 

Харин давуу эрхийн хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлах нь хуулиар хориотой.  Мөн тухайн хүн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд давуу эрхийн хувьцаа эзэмших эрх нь  дуусгавар болох юм. Засгийн газрын хуралдааны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ талаар сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “Ашигт малтмалын салбараас орж байгаа орлогыг иргэддээ тэгш, шударгаар хуваарилахын тулд сар бүр 21 мянган төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас өгч байгаагаас гадна оюутны сургалт, эрүүл мэнд, даатгалын шимтгэл, орон сууцны төлбөр зэрэг иргэдийнхээ хүссэн хэлбэрээр хишиг, хувь хүртээж байгаа. Дээрээс нь иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс МГЛ” толгой компанийн давуу эрхийн хувьцааг нэмж иргэн бүртээ олгох түүхэн шийдвэр гаргалаа. Энэ нь Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Төмөртэйн орд зэрэг стратегийн ач холбогдолтой 15 ордоос Монгол Улсын иргэн бүртээ хувьцаа эзэмших эрхийг “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн дагуу олгосон шийдвэр юм” гэж онцоллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж