Их тулааны өмнөх ОХУ ба АНУ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Их тулааны өмнөх ОХУ ба АНУ

Орос, АНУ-ын харилцааны талаарх “ruska-pravda.com” сайтын нийтлэлийг хүргэж байна. “G20”-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарын царай жигтэйхэн баргар, бие биеийнхээ нүд рүү ч эгцэлж харахгүй байсан. Яагаад гэвэл хэн хэн нь сөргөлдөх цаг тулж ирснийг ойлгожээ.
Энэ хоёр гүрэн хэзээ хэзээнээс илүүтэй дайны өмнө тулж ирээд байна. Сирийн талаар тогтоол гаргуулж чадахгүйгээ ойлгосон Вашингтон Иранд цохилт өгч болзошгүй юм. Эцсийн бүлэгт АНУ-ын хувьд Сири бус, харин Иран л сонирхолтой. Иймээс АНУ цэргээ Кувейт рүү татаж эхэлжээ. Эндээс Ираны хил хүртэл ердөө 80 км. Б.Обама Афганистанаас татна гэж амласан цэргүүдээ Кувейтэд байршуулах аж. Эхний 15000 цэрэг хэдийнэ тушаалаа авсан бөгөөд өрнөдийн хэвлэл мэдээллийн редакциуд томилолтоор явахад бэлдэж байна.

В.Путин “Би “G20”-ийн лидерүүдийн хэнтэй ч тагнуулд явахгүй” гэж мэдэгдсэн нь олныг өгүүлнэ. Дэлхий түүний хошигнолыг ойлгоогүй ч болгоомжилж байна. ОХУ десантаа Сирийн Тартус боомт руу илгээсэн. Одоо энд юу болохыг төсөөлөхөөс ч аймаар. Хуурай замын хоёр, агуу хүч хэт ойрхон байгаа нь мөргөлдөөнөөр төгсөх нь бараг баталгаатай. Америк 15000 цэрэгтэй дайн эхлэхгүй ч удахгүй дараагийн цуваа ирэх нь ойлгомжтой. Ингээд нефтийн үнэ өсөж, эрсдэл ч ихэснэ. Энэ нь Орост л ашигтай, харин АНУ-д нэмэлт ачаалал ирнэ. Гэвч энэ сөргөлдөөнөөс хоёр Ерөнхийлөгч хоёулаа ухрахгүй. Обама ухарвал сонгуульд ялагдана. Учир нь америкчууд сул дорой хүнд дургүй. Мөн Путин ч ухрахгүй. Энд геополитикийн сонирхлоос гадна Ерөнхийлөгчийгөө бууж өгөхгүй гэж итгэн сонгосон оросуудын хүлээлт байгаа. Ер нь Путин хэзээ ч ухарч байгаагүй, ялагдаж ч үзээгүй. Мөн тэрбээр өөрийг нь сонгосон иргэдийг хэзээ ч хуурдаггүй. Иймээс Путин энэ удаа ч ялгаагүй удирдагчийн чадвараа батлах байх.

Хэрэв хоёр орны Ерөнхийлөгчид ямар нэгэн шинэ санаа, хөтөлбөр, төслийн тухай зарлавал асуудал энхийн замаар шийдэгдэх магадлалтай. Тэгвэл аль ч орон Ерөнхийлөгчөө буруушаахгүй. Үүнээс хоёр Ерөнхийлөгч, мөн хоёр орон хожиж, харин дэлхий энх амгалан байх юм. Гэвч Обама, Путин хоёрын царайнаас харахад тийм төсөл алга. Эсрэгээр зөрчил улам хурцадсаар. Энэ нөхцөл байдал Путинд ямар ч аюулгүй, ОХУ-д сонгууль болчихсон. Харин Обамад халтай, тэдний сонгууль болоогүй байгаа.

ОХУ-ын хамгийн хүчирхэг хоёр флотын /Умардын ба Номхон далайн/ атомын шумбагчууд ойрын хугацаанд байлдааны даалгавар авч магадгүй байна. 2009 онд яг ийм явдал болж, Оросын шумбагчууд АНУ-ыг сүрдүүлсэн. Тэр үеэр АНУ-ын нэгэн сэтгүүлч “Эдгээр шумбагч аюулгүй, тэдэнд тив алгасах пуужин алга” гэж байв. Үнэндээ эргээс 200 милийн зайтай байгаа шумбагчид тийм пуужин хэрэггүй. Яагаад гэвэл ОХУ-ын эдгээр хөлгийн “Р-39” пуужингийн тусгал 1500 миль. Нэг пуужин нь тус бүрдээ 100 кг жинтэй 10 цөмийн цэнэгт хошуу болон задардаг. Иймээс ганцхан пуужин л бүхэл бүтэн улсыг устгачихна. 2009 онд “Акул 941” шумбагч дээр ийм 20 пуужин байсан. Мөн хоёр шумбагч АНУ-ын эргийн ойролцоо очсоныг сануулъя.

Яагаад 2009 оны үйл явдлыг одоо дурсав? 2009 оны наймдугаар сарын таванд Орос, Гүржийн дайны цуурай намжаагүй байсан юм.

АНУ-ын Тэнгисийн цэргийн “Stout” эсминец хөлөг долоодугаар сарын 14-нд Гүржийн ойролцоох усанд орж ирэн, ОХУ-д хүчтэй дарамт үзүүлэв. Тэд Абхаз, Өмнөд Осетоос гар гэж оросуудад бараг л тушааж эхэлсэн. Үүнээс хагас сарын дараа Оросын хоёр шумбагч АНУ-ын ойролцоо үзэгдсэн билээ. Тэгэхдээ нэг нь Гренландын ойролцоох “Норфолк” цэргийн баазаас 250 милийн зайд. Өөрөөр хэлбэл Жоржи мужийн эрэг хавьцаа. Тодруулахад Гүрж улсыг америкчууд Жоржи гэдэг. Тэгэхээр оросууд “Хэрэв та нар Жоржи /Гүрж/ рүү хөлгөө илгээж байгаа бол бид танай Жоржи руу шумбагчаа илгээлээ” гэсэн хэрэг. Чөтгөрийн хошигнол уу? Гэвч энд хэн ч инээж зүрхлэхгүй биз ээ.

Оросын десантынхан Тартуст цөөхүүлээ байгаа. Иймээс хэрэв Путин Сирийг найр тавьж өгдөг юмаа гэхэд өөр газар хариугаа авч л таарна. Тэгэхээр Оросыг Сири улсад яллаа гэхэд Путин дахиад л Жоржи мужийн эрэг хавьцаа үзэгдэж шоконд оруулж мэднэ. Үүнийг Пентагон сайн ойлгож байгаа. Америкчууд хэлснийг, ялангуяа үзүүлсэн зүйлийн агуулгыг сайн ойлгодог хүмүүс.

Ямар ч гэсэн Путин Сири дэх гол төлөвлөгөөнөөс ухрахгүй. Түүнийг ухраах ганцхан арга бий. Тэр бол хүнлэг, найрсаг харилцаа. Гэнэн оросууд одоо ч гэсэн найрамдал нөхөрлөлд итгэсээр байна. Ерөөсөө оросууд бол сайн ч нөхөрлөдөг, сайн ч тулалддаг улс. Үүний алийг нь ч АНУ-ын Ерөнхийлөгч сонгосон хариуг нь оросууд “чин сэтгэлээсээ, өргөн хүрээгээр” барина гэдэгт итгэж болно.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж