“Камертон”-оор амьсгалсан 17 жил

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

“Камертон”-оор амьсгалсан 17 жил

Монголын номер нэг “boy band” хамтлаг “Камертон” өчигдөр 17 нас хүрлээ. Тэд жил бүрийн зургадугаар сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Харин энэ жилийнх гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа. Учир нь өнгөрсөн онд тэд өөрсдийн залгамж халаагаа урлагийн ертөнцөд бэлдэн гаргаж ирэх болсоноо дуулган “Камертон 2” төслийг “B” production, “Боловсрол” суваг телевиз, “Music box”-той хамтран реалити шоу хэлбэрээр хийх болсон юм. Тэр үед “Камертон”-ны фенүүдэд хамтлаг ингээд тарж байгаа юм байх даа гэсэн айдас төрж байсан ч тэд үүнийг үгүйсгэн бид гаргаж ирсэн хамтлагтайгаа уран бүтээлээ рок, попод өрсөлдөх болно хэмээн хэлсэн.


Мянга мянган залуус “Камертон” хамтлагийг шүтэн биширч, тэдний уран бүтээлээр амьсгалан дуучин болох хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж байдаг ч тэдэнд яг л “Камертон” шиг байх марктенг, менежмент дутдаг байсан бол уу. Тэгвэл энэ шоу 15-25 насны авьяастай, “Камертон” хамтлагийн залгамж халаа байж чадахуйц залууст маш том боломжийг олгосон.

Энэ бол шалгарсан шилдэг дөрвөн залуу буюу “Камертон 2” хамтлагтай хийх ивээн тэтгэгчийн 150 сая төгрөгийн продюсингийн гэрээ болон “B” production, “Боловсрол суваг” телевиз таван жилийн хугацаанд ерөнхий продюсераар нь ажиллах санал байлаа. Өнгөрсөн гуравдугаар сард “Камертон 2” төслийн эхний шатны шалгаруулалт эхлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд суусан “Камертон” хамтлагийн залуустай үдэш бүр “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар мэндчилэх болсон. Нийт таван шаттай энэхүү реалити шоу шат ахих тусам улам бүр үзэгчдийг өөртөө соронзон мэт татан цэнхэр дэлгэцийнх нь өмнө уясаар байгаа билээ. Мөрөөдлөөрөө жигүүрлэн авьяасаараа уралдсан 724 залуугаас өнөөдөр дөрөвдүгээр шатанд нийт 21 залуу тунан үлдээд байгаа юм. Тэр л оролцогчид өчигдөр ийнхүү “Камертон” хамтлагийнханд бэлэг барин төрсөн өдрийнх нь гол зохион байгуулагчаар ажиллан фенүүдийг нь баярлуулан нэг үдшийг “Камертон”-оор амьсгалах боломжийг олгосон юм.

ГОЁ ХҮЛЭЭЛТ


“Камертон”-ны төрсөн өдөр өчигдөр 19.00 цагт “i-Loft” function house-д эхлэх байсан ч хамтлагийн гишүүн Д.Ган-Эрдэнийн бие чилээрхсэн тул хоёр цагийн дараа эхэлсэн. Гэхдээ фенүүд нь тэднийг тайзнаа хамтдаа гарахыг сүүлийн хоёр жил тэсэн ядан хүлээсэн болохоор хоёр цаг хурдан өнгөрсөн шүү. Хүсэн хүлээсэн мөч ирж, “Камертон” фенүүдийнхээ халуун алга ташилтан дунд тайзнаа заларсан. “Тэднийг шүүгчээр биш тайз эзэгнэгчээр харах хичнээн сайхан байна аа” хэмээн фенүүд нь өөр хоорондоо ярилцаж байгаа харагдсан шүү. Камертончууд “өнөөдөр бол зөвхөн бид бүхний баяр биш. Бидэнтэй хамт 17 жил байсан та бүгдийн баяр, бүгдэнд нь баяр хүргэе” хэмээн үзэгч, фенүүддээ талархсан сэтгэлээ илэрхийлэн төрсөн өдрийн баяраа эхлүүлсэн.

“Камертон”-д барьсан төрсөн өдрийн бэлэг

Төрсөн өдрийн эхний бэлгийг “Камертон 2” төслийн оролцогчид задаллаа. Энэ л тайзнаас шоунд оролцогч залуус анх удаа үзэгчтэй нүүр тулан мэндчилсэн юм. Шоуны дөрөвдүгээр шатанд тэнцсэн 21 залуу “Камертон” хамтлагийнханд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн өөр өөрсдийн “мини” тоглолтыг тайзнаа толилууллаа. Эхний дөрвөн оролцогч “Камертон” хамтлагийн нэрийн хуудас болсон  хит дуу “18 нас” дууг хөгжимгүй дуулсан бол дараагийн дөрвөн залуу “Чка өдөр” дууг үгийг нь өөрчлөн бэлэг болгон илгээсэн. Мөн бүх охид бүсгүйчүүддээ зориулан “Sun shine” дуу уянгалуулан араас нь  залуусыг “Хотын гудамж”-аар дахин дахин зугаалуулж, тэр бүү хэл “Харанга” хамтлагийн “Өнгөрсөн үе”-ээр аялуулаад амжсан шүү. Шилдэг 21 залуустаа амжилт хүсье. Анхны бүхэн сайхан, тэр тусмаа хүсэл мөрөөдлөө биелүүлэн “Камертон” хамтлагийнхантай тэмдэглэсэн анхны тайз нь тэдэнд энэ шоунаас амсаж буй хамгийн амттай, нандин дурсамж нь болох үлдэх биз ээ. 

“Гурван охин” эргэн тайзнаа


“Камертон” хамтлагийн төрсөн өдрийн бас нэг гоё бэлэг бол “Гурван охин” хамтлаг байлаа. Хамтлагийн гишүүн Г.Анхмаа бие давхар болсоноос хойш тэднийг тайзнаа хараагүй удсан билээ. Харин өчигдөр “ээж” болсон Г.Анхмаа анх удаа тайзнаа хамтлагийнханыхаа хамт үзэгч фенүүдтэйгээ мэндчилэн “Камертон”-чуудад төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн. Тэд “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдын тус хамтлагт хамгийн анх өгсөн дуу болох

“…Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч
Намайг зүүдлээч өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч…”
хэмээн эгшиглэдэг “Надтай хамт өглөөг угтаач” дуугаар бүгдийг уяраан дараа нь “Hot disco”-гоор залуусыг халууцуулсан шүү. Сонирхуулахад, “Гурван охин” хамтлагийн шинэ продюсераар “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй тэд шинэ цомгоороо үзэгч, фенүүддээ бэлэг барихаар шаргуу ажиллаж байгаа гэнэ.

“18 нас” ба “Камертон”-ы хитүүд

Төрсөн өдрийн эзэд тайзнаа “18 нас” дуугаараа мэндчиллээ. “Камертон” энэ л танхимд хүрэлцэн ирж, тэдний баярыг хуваалцсан хүн бүрийг эргэн 18 нас, ариухан хайрын дурсамжаар нь аялуулсан. Энэ мөчийг ямар удаан хүлээгээ вэ. Дахиулаад тэдэнтэй хамтдаа дуулсан ч сэтгэл ханахгүй нь ээ. Тэд ч фенүүдээ харан догдолсондоо “18” нас дууг гурвантаа дуулсан.

“Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой
Шөнөжин эргэлдэж мөрөөдөж хоноод
Алтан нарны болорхон туяанд
Анхны болзоонд зогсомоор санагдаад
Аяа миний арван найман нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас…”
хэчнээн гоё байсан гээч. Харин дараа нь тэд фенүүдийгээ бүжгэнд урин “Хайрлья чамайгаа” , “Би чамд хайртай”, “Sexy girl”, “Хунгийн дуу” болон хамтлагийн дөрөв өөрсдийн соло уран бүтээлээсээ толиулсан. Энгийн үед тэр бүр бүтнээр нь дуулаад байдаггүй дурсамж дүүрэн, хит дуунуудын танил дотно аялгуу эгшиглэхэд яг л үгийг нь өчигдөрхөн цээжилж байсан мэт даган дуулаад л. Мартагдсан хэрнээ мартагдаагүй тэр л танил аялгуунууд ар араасаа эгшиглэн сэтгэл зүрхийг хөглөж байлаа.

Мээдээ нууцыг задруулсан нь


Мээдээ хамтлагийнхаа төрсөн өдрөөр тэдэнд гэнэтийн бэлэг барьсан юм. Тэрбээр төрсөн өдрөөрөө бялуу авахаар дэлгүүр орсон ч хаалттай байсан учраас ойролцоох дэлгүүрээс нь дээшээ харсан амсартай эдлэл хэмээн бэлэгшин мөнгөн аяга авсанаа тайзан дээр хамтлагийнхандаа гардуулан өгсөн. Гэхдээ тун өвөрмөцөөр. Алд цэнхэр хадаг, аяга дүүрэн шампаньскийн хамт. Үүнийгээ тэрбээр орчин үед сүү биш шампаньск буудуулдаг болсон хэмээн тайлбарласан шүү. Мөн тэрбээр зүгээр ч нэг мөнгөн аяга сонгоогүй бөгөөд хамтлагийн гишүүн тус бүрийн жилийг ёсоолд нь урласан гэдгээрээ фенүүд нь гэнтийн бэлэг, бяцхан нууцыг нь дэлгээд авсан юм. “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдыг морь жилтэй, ар халхын цээл хоолойт Л.Ган-Эрдэнэ луу жилтэй, хамтлагийн хамгийн зөөлөн сэтгэлтэй, үлгэр дууриал үзүүлдэг Б.Эрдэнэбат харин моогой жилтэй хэмээн Мээдээ нууцыг нь задруулсан юм. Гэмгүй өөрсдийнхөө жилийг нэрлүүлсэн хамтлагийн гурав Мээдээд хариуд нь хонь өгье, авна уу, тэжээнэ үү, үржүүлнэ үү өөрөө мэд хэмээн түүний жилийг илчилсэн юм.

i-Loft-оос нэр дэвшигч Эба

Эба тайзнаа хамтлагаараа дуулчаад сэтгэл нь хөдлөн “одоо бид та бүхэнд нэгэн хайртай дуугаа дуулж сонирхуулья. Гэхдээ энэ дууны үгийг намайг бичсэн гэж хүмүүс мэддэггүй л дээ” гэхэд хамтлагийн ахлагч Д.Болд “дорнын их яруу найрагч, i-Loft-оос нэр дэвшигч, хацар гоо охидын зүс булаам залуу Б.Эрдэнэбатын үг”  хэмээн хөөрхөн хошигноод авсан шүү. Тун удахгүй сонгууль гээд хаа сайгүй сурталчилгаа яваад байхад тэд юугаараа дутах вэ. Фенүүдээ хөгжөөн Эба “хэрвээ зураг дарах гэж байгаа бол би пиджакаа ингэж мөрлөөд поз авмаар байна. Нэр дэвшигч нар чинь аймааар позтой авхуулаад байна” хэмээн дэвэргээд авсан шүү. Эбагийн үгийг нь бичиж, Болдын аяыг нь хийсэн тэр дуу бол хайрт гэргийдээ зориулан хийсэн “Бүтэн сарны дор” дуу байлаа.

Төгсөөгүй “Төгсөшгүй” цомог

2001 онд “Камертон” хамтлаг панк стилээр дуулна гээд Болдоо үсээ туг тугаар нь багцлан ургуулан 13 килограмм таргалсан бол Ганаа үсэндээ шүр суулган 17 килограм турж, Мэдээ шингэн үсээ буржийлган, Эба үсээ зараа стилээр засуулан буржийлгаад “Төгсөшгүй” хэмээх цомог гаргасан ч тухайн үед төгсөж, зарагдаагүй гэнэ. Тэд үүнийгээ цаг үеэсээ түрүүлсэн хэмээн дөвийлгөдөг юм байна лээ. Учир нь энэ цомгийнхоо тохиргоог Австралид очиж  “Bee Geеs” хамтлагтай ажилладаг студиэр хийлгэсэн гээд өндөр өртөгөөр бут авахаар цомог хийсэн ч амжилт олоогүй гэнэ. Сингапурт хамтлагаараа нэг жил амьдраад тасарчихсан хүмүүс Улаанбаатарт өнөөх төгсдөггүй цомогтойгоо стиль, имижээ өөрчлөн буугаад ирэхэд нь “Номин талст” хэмээх хамтлаг алж, өгч байжээ. Тэгээд л тэдний цомгийн борлуулалт ч байдаггүй өнөөх гоёж, өөрчилсөн үс, биеийн жин ч яваагүй болохоор “Өнөөдөр” цомгоо шарандаа гаргаж амжилт олж байсан тухайгаа дурсан ярьсан юм. Камертончууд энэ олон жил тэднийг хурцалж байсан  “Номин талст” хамтлагийнхандаа баярлаж явдагаа энэ үеэр дуулгасан шүү.

Хүслээ шивнэх мөч

“Өнөөдөр бидний баярын өдөр
Үнэнч нөхрийн минь мэндэлсэн өдөр
Өнөр жаргалтай өргөө гэрт чинь
Үеийн олон нөхөд чинь цугларчээ…”
хэмээн төрсөн өдрийн дууг тэнд цугласан олон Камертончуудын хамт дуулахад “Камертон 2” шоуны оролцогчид тайзнаа төрсөн өдрийн бялууг залсан. “Камертон”-ы дөрөв  харин хүслээ шивнэхдээ “тун удахгүй гарах шинэ цомгоо амжилттай болоосой” хэмээн хэллээ. Та нартаа амжилт хүсье. Энэ баяр бол 17 жил “Камертон” хамтлагтай цуг байж, тэднийг дэмжиж, уран бүтээлээр нь амьсгалж, хөглөгдөж, урам хайрлаж байсан бүх үзэгч, фенүүдийнх нь давхар баяр байлаа.
  
Харин “Камертон 2” хамтлагийн төрсөн өдрийн тухайд ирэх долдугаар сард буюу наадмаар рок попын үзэгч фенүүд шинэ дөрвөлийг өлгийдөн авах нь ээ. Баярлалаа, “Камертон” та нараар дахин хөглөгдөх сайхан байлаа.

"Камертон хамтлаг" Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж