Д.Туяа: Би нөхрийнхөө менежер болсон

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Д.Туяа: Би нөхрийнхөө менежер болсон

Дуучин Э.Амартүвшингийн мэргэжил нэгт гэргий Д.Туяатай ярилцлаа. Гэргийнхээ тухай Э.Амартүвшин нэгэн ярилцлагадаа "Миний гаргаж буй амжилт, өнгөтэй өөдтэй яваа маань эхнэртэй минь холбоотой. Тэр хүний буянаар би өдий зэрэгтэй явна" гэж өгүүлсэн байсан.

-Хүмүүс таныг дуучин Э.Амартүвшингийн гэргий гэдгийг мэддэг. Гэхдээ ямар хүн бэ гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байх. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Туяа гэдэг. Би ДБЭТ-ын гоцлол дуучнаар 14 дэх жилдээ ажиллаж байна. Алма ата хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Энэхүү мэргэжлээрээ Итали улсад мэргэжил дээшлүүлсэн. Дуурийн олон дүр бүтээсэн.

-Тэдгээрээсээ амжилт гаргаж байсныг нь дурдвал?

-Монголын хөгжмийн зохиолчдийн дуурийн бараг бүх эмэгтэй дүрүүдийг бүтээлээ. Монгол зохиолчдын ""Учиртай гурван толгой"" дуурийн Нансалмаагийн дүрээр тэргүүн байр, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан. Сонгодог бүтээлүүдэд ч олон дүрийг бүтээсэн.

-Та хэзээнээс дуучин мэргэжлийг сонгох болсон бэ?

-Багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Дуу дуулдаг, шүлэг уншдаг хүүхэд байсан. Би Булган аймгийн хоёрдугаар арван жилийн сургуулийг төгссөн. Тэр үед Хөгжимт драмын театр гэж байгуулагдсан юм. Очоод шалгуулаад үзсэн тэнцчихдэг юм байна. Булганы театртаа аравдугаар ангиа төгсөөд, хоёр жил дуучнаар ажилласан. Тэгээд 1998 оноос ДБЭТ-т дуучнаар ажиллаж эхэлсэн дээ.

-Таны хань Э.Амартүвшин Плачидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Энэ амжилтыг нь тангүйгээр төсөөлөхийн аргагүй байх?

-Хятадад тэмцээний турш 10 хоног хамт байсан. Бээжин хотод Э.Амартүвшин зургадугаар сарын 1-нд, би 3-нд араас нь очсон. Тэр том тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан. Тэмцээний үеэр монгол хүн махтай хоолоор хүч тэнхээгээ авдаг болохоор хоол ундыг нь бэлтгэх, хувцсыг нь янзалж, эхнэр хүн юу л хийдэг түүнийг л хийсэн. Хань маань ч сайхан амжилттай оролцсон.

-Айл гэрийн эзэн том амжилт гаргалаа. Эхнэр хүний хувьд та яаж хүлээж явсан бэ?

-Дэлхийд хамтарч дуулдаг гурван алдартай тенор тембртэй хүний нэг нь П.Доминго юм. Алдартай Испанийн дуурийн дуучны нэрэмжит энэ наадам үнэхээр гайхамшигтай болсон. Хань маань байгалиас заяасан их сайхан тембртэй дуучин. Тэмцээнийг ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй хамт үзээд сууж байсан. "Нэгдүгээр байр Э.Амартүвшин Монголиа" гэж зарлахад хоёулаа хашгираад, нулимс дуслуулж суулаа.

-Эмэгтэй хүн өр зөөлөнтэй. Та хэр амархан гомдож, уйлдаг вэ?

-Ер нь уян хүн шүү. Сэтгэл хөдөлгөсөн үед хэзээний л нулимс цийлэгнээд, уйлчихдаг. Хань маань харчихаад "Яаж байгаа юм бэ" гэдэг юм. /инээв/

-Өөрөө дуурийн дуучин хүн. Нөхөртэйгөө хамтарч уран бүтээл хийж байв уу?

-Э.Амaртүвшин ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаад гурван жил болох хугацаанд олон сайхан уран бүтээл дээр xaмтран ажилласан. Юндэн Нансалмаа, Юндэн Хоролмаа, "Ламбагуайн нулимс" зохиолын Цэрэнлхам, Лодон гэх мэт.

-Амьдралын ханьтайгаа учирсан мөчүүд хамгийн нандин байдаг. Нөхөртэйгөө анх яаж танилцаж байсан бэ?

-Бид хоёрын хувьд 10-аад насны зөрүүтэй. Анх О.Ичинхорлоо багшийн нэрэмжит тэмцээнд Э.Амартүвшин хоёрдугаар байранд шалгарч байсан. Тэгэхэд маш сайхан хоолойтой дуучин гэж бодож байлаа. Анх тайзан дээрээс харж, дууг нь сонссон. Тэр үеэс хойш гурав дахь жилдээ хамт амьдарч байна. Мэдээж хамт ажилладаг учраас өдөр болгон л тааралддаг. Учрах тавилан байгаад бид учирсан байх.

-Насны ханиа сонгоход эцэг эх, настангууд их нүдтэй байдаг шүү дээ.

-Манай ээж, аав хоёр маань бурхан болсон. Харин Э.Амартүвшингийн эцэг, эх биднийг дэмжиж, тусалж байдаг.

-Гэр бүлд гэргий хүний гүйцэтгэх үүргийн талаар таны бодол юу вэ. Урлагийн хүн харьцангуй өөр ойлголттой байж болох юм?

-Айл гэрт эмэгтэй хүний үүрэг их чухал, гол тулгуур нь болдог. Монгол эмэгтэйчүүдийг харахад их хүч чадалтай харагддаг. Гэхдээ эрэгтэйчүүдийг хойш нь тавиагүй л дээ. Гэргий хүн ар гэрээ түвшин сайхан авч явдаг. Эр нөхөртөө халамжтай, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлдэг байх хэрэгтэй гэж боддог.

-Эрэгтэй хүн ажил хийгээд, эмэгтэй хүн хүүхдээ хараад, гэртээ суух ёстой гэсэн нийтлэг ойлголт байдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Айл бүрийн амьдрал өөр байдаг шүү дээ. Заавал эрэгтэй хүн тэрийг, эмэгтэй хүн энийг хийнэ гэх ёсгүй л дээ. Мөн жендэрийн тэгш эрх гээд барьцаад байж болохгүй. Намайг завгүй байхад миний хань гэр орноо цэвэрлэх ч үе гардаг.

-Амьдрал л юм хойно гэр бүлд үл ойлголцол гарна. Та энэ үеийг хэрхэн шийддэг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Үл ойлголцох асуудал гарна. Насны зөрүүгээс ч болдог юм уу, үзэл бодлын ялгаанаас ч болдог юм уу муудалцах зүйл байна. Хоёулаа л бие биедээ амархан бууж өгөхийг хүсдэггүй. Гэхдээ удалгүй харилцан буулт хийгээд шийдчихдэг юм.

-Бусад айлын эхнэрүүдээс та юугаараа онцлог бол?

-Айлын эхнэр хүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Би бол бусдын л адил айлын гэргий гэж бодож байна.

-Уран бүтээлч мэргэжилтэй гэргий хүн гэртээ байхаасаа илүү ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг байх. Та гэртээ амрах үедээ юу хийх дуртай вэ?

-Уран бүтээлч хүн болохоор зав гараад байх нь ховор. Гэртээ байх үедээ гэрээ цэвэрлэнэ. Телевиз үзэх л дуртай. Одоо бол Э.Амартүвшингийн менежерийг хийдэг гэж хэлж болно. Гадаад, дотоод харилцааг нь зохицуулдаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Манай ажил долоо хоногийн эхний хоёр өдөр амардаг. ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллахын хажуугаар "Опера" дуурийн дуулаачийн сургуульд багшилна. Өглөөний 10 цагт гараад, оройн 10 цагт л гэртээ орж ирнэ дээ.

-Гэр бүлийнхээ ойрын төлөвлөгөөнөөс хуваалцаач?

-Бид хоёрын ойрын төлөвлөгөөнд үр хүүхэдтэй болох хүсэл байгаа. Миний хувьд бол сайн багш болох зорилго тавьчихаад байна.

А.ЦЭЭСҮРЭН

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж