Саудын бүсгүйчүүд анх удаа олимпийн наадамд

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Саудын бүсгүйчүүд анх удаа олимпийн наадамд

Эмэгтэйчүүдийг олон нийтийн спортын арга хэмжээнд оролцохыг хориглодог Саудын Араб анх удаа эмэгтэй тамирчдаа зуны олимпийн наадамд илгээх хүнлэг шийдвэр гаргажээ. Энэ талаар Лондон дахь тус улсын Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна.

Хэт хуучинсаг үзэл баримтлалтай лалын энэ оронд спортын талбар дахь эмэгтэйчүүдийн асуудал ихээр хөндөгддөг. Саудын Арабт эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг хориглосноос гадна эрх баригчид 2009, 2010 онд эмэгтэйчүүдэд зориулсан хувийн фитнесс клубыг хүртэл хааж байжээ.

Ямартай ч эрх баригчид эмэгтэй тамирчдыг олимпийн наадамд оролцох боломж олгосноор морин спортын төрөлд Далма Малхас Лондонгийн олимпод эх орноо төлөөлөх цорын ганц эмэгтэй тамирчин болох бололтой. АНУ-д төрсөн Малхас 2010 оны Сингапурын өсвөрийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм. Хэдийгээр улсаас нь түүнийг өсвөрийн олимпод илгээгээгүй ч тэрбээр Олон улсын олимпийн хорооны урилгаар оролцож байжээ.

Олимпийн түүхэнд эмэгтэй тамирчдаа олимпод оролцуулж байгаагүй гурван улс байдаг нь Саудын Араб, Катар болон Бруней юм. Катар улс Лондонгийн олимпод гурван эмэгтэй тамирчнаа илгээхээ хэдийнэ мэдэгдсэн бол Бруней мөн 400 метрийн халхалттай гүйлтийн төрөлд Мазия Махусин гэгч эмэгтэй тамирчнаа сойх ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж