Тэд “Хамтдаа хөгжье” уриан дор төв суурин газрын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Санаачлагч нь Монголын хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци хэмээх байгууллага. Цомхон ч гэлээ энэ зөвлөгөөн томхон асуудлыг шийдвэрлэх шиг болно билээ.
Сүү бол бидний амьдралд энгийн хэрнээ бас эгэлгүй чухал хэрэглээ гэдгийг энэ үеэр мэдэж мэдэрч авлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүг хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүн гэж онцолдог. Хордлого тайлах онцгой чанартайгаас гадна хүнд хэрэгтэй эрдэс бодисууд зөвхөн сүүнд л хамгийн зөв харьцаатай агуулагдаж байдгийг эрдэмтэд нотолжээ. Ийм чанарыг нь хүн төрөлхтөн эрт үеэс анзаарч бүр шинэ чулуун зэвсгийн үеэс л сүүг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн гэнэ.
Улаанбаатарынхны хувьд утаа гэдэг том асуудал бий. Утааны хордлогыг тайлах монгол арга гэвэл сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх явдал гэдгийг мэргэжлийнхэн баталдаг. Үнэхээр нийслэлийнхэнд ядаж зуны гурван сар цагаан идээгээр гэдсээ цайлгах шаардлага бол хангалттай бий. Харин энэ хэрэглээгээ хэрхэн хангадагт нь эргэлзээ байна.
Харамсалтай нь манайд сүү бэлтгэлийн тогтолцоо задраад 20 гаруй жил болж байна. Мал нь өссөн ч сүүний хангамж нь нэмэгдээгүй. Тиймээс импортоор хэрэглээгээ хангаж байна. Бидний сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн нийт хэрэгцээ 387.1 сая литр байдаг аж. Үүний ихэнхийг импортоор хангадаг. Жилд 30 сая орчим долларын сүү тараг импортолж байгаагийн тэн хагас шахам нь хуурай сүү юм. Ийм хэмжээний мөнгөөр дотоодынхоо 30 үнээтэй 1000 фермийн сүүг бүтэн жил худалдан авахад хүрэлцэнэ.
Хуурай сүүний имп ортод ийм их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа шалтгаан нь тодорхой. Монголд сүү нийлүүлэгчид болон үйлдвэрлэгчдийн хоорондох орон зай хол. Тээвэр, олон жижиг нийлүүлэгчид гээд бэрхшээл байдаг. Тийм болохоор хуурай сүү оруулж ирчихээд найруулаад сууж байх нь хаана хаана амар байдаг биз. Улаанбаатарынхан яг үнэндээ бол найруулсан хуурай сүүг л хүнсэндээ хэрэглэдэг гэсэн үг. Сүүг хуурай сүү болгохдоо халуун технологи ашигладаг учир мөнөөх хүнд хэрэгтэй элементүүд нь задарч сарнидаг хэмээн мэргэжлийн хүмүүс нотлох юм билээ. Түүнээс гадна тетрапак савалгаатай сүүг дэлхийн хөгжилтэй орнууд хэрэглээнээс хэдийнэ гаргаад байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр бидний хэрэглэдэг сүү бол ориг чанараа алдчихсан байдаг нь тодорхой.
Сүү нь савласан уснаасаа хямдхан орон бол ганцхан манайх байх. Одоо хөдөөгүүр нэг литр сүү газар дээрээ 250-400 төгрөгийн үнэтэй байна. Энэ үнэ хотод наанадаж нэг, цаанадаж гурав нугарч ирнэ. Ингэхдээ зүгээр нэг ирэхгүй. Усаар шингэлэгдэж, гурилаар өтгөрч байж сая бидний хоолойг давдаг гэлцэх юм билээ. Жаргалантын Талбулагаас ирсэн танил маань ярьж байна. “Сүү” компани сүү авахаа больсноос хойш малчид сүүгээ багтааж шингэээх газар олдохгүй хэцүү байна гэнэ. Арай л асгах нь холгүй байгаа юм байх. Ийн нэг газарт нь илүүдэж байхад нөгөө хэсэгт нийслэлийнхэн ориг сүүгээр гачигдаж байх жишээний. Энэ бол ердөө л бодлого зохицуулалтын асуудал.
Монголд ярьж дуусдаггүй хэрнээ ялж өгдөггүй нэг хувьсгал бий. Тэр нь “Цагаан хувьсгал”. Уг нь хүн амын сүү, сүүн бүтээгэдэхүүний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой хувьсгал л даа. “Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай” 2010 оны Ерөнхийлөгчийн зарлиг ч бас байх юм билээ. Гэсэн хэрнээ л энэ ажил урагшилж өгөхгүй байгаа юм билээ. Үүний гол шалтгаан нь ердөө төр засгийн дэмжлэг сүү үйлдвэрлэгчдийг тойроод байгаа явдал. Цаасан дээрхи бичиг, амьдралаас хол яриа лоозонгоор хүн амын сүүний хангамжийг “шийдвэрлэж” иржээ.
Ноос, ноолууранд Монголын төрөөс урамшуулал өгдөг. Тариа будаандаа бас татаас төлдөг. Харин сүүнд урамшуулал өгөх болохоор сугаа хавчаад суучихдаг. Гэсэн хэрнээ хүн амын хүнсний аюулгүй байдал хэмээн ярина. Ажил ам хоёр нь ийн хойд урд хойрмойн хоёр талаар зөрөөд урсчих юм. Гадаад орнуудад бол эсрэгээрээ. Сүүний үйлдвэрлэлээр АНУ дэлхийд толгой цохьдог. Эдний фермерүүд нэг литр сүү тутамдаа 400 төгрөгний урамшуулал хүртдэг бол харин урд хөршийнхөн охин тугал тутамдаа 500 юанийн урамшуулал авдаг гэнэ.
Сүүг хамгийн их хэрэглэж байх ёстой хүмүүс нь орчнооосоо шалтгаалаад төв суурин газрынхан юм. Ялангуяа Улаанбаатарынхан. Жилдээ нэг хүн наанадаж 280 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Харамсалтай нь үүнийхээ тал хувийг ч хэрэглэж чаддаггүй, дөнгөж 84 кг гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагынхан тооцож гаргажээ.
Хотынхныг ориг сүүгээр хангаж, хэрэглээг нэмэгдүүлэх ганц бооломжтой арга бол хотын ойр орчимд сүүний фермерүүдийг олноор байгуулах явдал. Фермер О.Амарцэнгэлийн хийсэн тооцоогоор жилд 6750 л сүү өгөх 46200 үнээ хэрэгтэй гэнэ. Ийм бэлээхэн зах зээл хэрэглээ байсаар байна. Үнээний сүү хэлэн дээрээ гэх үг бий. Фермерийн аж ахуйг тэжээл тариалалт бэлтгэлтэй нь хамт шийдэхгүйгээр цогцоор хөгжиж чадахгүйг олон фермер нотолдог. Харин тэдэнд зориулж газар олгохдоо дэд бүтэц байхгүй, бэлчээр нь хүрэлцэхгүй, хэтрүүлж хэлбэл хашааны 0,07 га газар олгодог гэх гомдол байх юм билээ.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин