-Өглөөний мэнд сайхан амарвуу, та?
-Сайхан амарлаа.
-Та шинэ уран бүтээл хийх гээд завгүй байна уу?
-Тийм ээ. Энэ сараас уран бүтээлийн ажилдаа түлхүү орсон. Нэлээд хэсэг хугацаанд завсарлалаа. Шинэ бүтээл гаргахгүй юм уу гэсэн санал, шүүмжлэл олон ирсэн. Хурдацтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Удаан хугацаанд уран бүтээл хийгээгүй болохоор одоо эрчимтэй ажиллах гээд зав муутай л байна.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэлээд бичигдсэн. Хувийн амьдрал, ажил мэргэжлийн тань талаар ихэвчлэн гарч байсан. Энэ тал дээр юу гэмээр байна вэ?
-Маш олон мэдээлэл гарч байсан. Миний талаар шүүмжлэл олон бичигдэж байсан. Үүнд тийм ч их ач холбогдол өгөөгүй ээ. Энэ чинь миний хувийн амьдрал шүү дээ.
-Хийж байгаа уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-“S энтертайнмент” студитэй хамтарч ажиллаж байгаа. Удахгүй цоо шинэ хоёр дуугаа цацна. Одоогоор бичүүлж байна. Энэ хоёр маань ерөнхийдөө хайрын тухай өгүүлнэ. Харин дараа нь клипний ажил эхэлнэ. Энэ мэтчилэн ажил ихтэй л явж байна.
-Наадмаар юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Наадмын үеэр хөдөө орон нутгаар болон шоу тоглолтууд дээр ирж дуулаач гэсэн санал хүсэлт их ирсэн. Одоогоор яг ингэнэ, тэгнэ гэж төлөвлөөгүй байна. Бусдын адил л баярлах санаатай байна. Гэхдээ яаж ч магадгүй.
-Монгол дахь Францын Элчин сайдын яаманд дуулсан гэж сонссон. Ямар арга хэмжээнд та оролцов?
-Тийм ээ. Монгол дахь Францын Элчин сайдын яаманд болсон нэг сайхан арга хэмжээнд зориулж DJ Шамантай хамтран “Хайр бид хоёр” хэмээх дуугаа дуулсан. Ирсэн зочид маш сайхан хүлээж авсан. Их баярласан.
-Шинэ цомог хэзээ гаргах вэ?
-Мэдээж гаргана. Гэхдээ яг тэдэнд гээд хэлчхэж болохгүй байна. Эхэлж хийгээд дараа нь хэлсэн нь зүйтэй байх аа гэж бодож байна.
-Таныг сонсч, биширч явдаг фэнүүддээ юу гэж хэлмээр байна?
-Мэдээж наймайг дэмждэгт нь баярлаж явдаг. Удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ уулзацгаая. Сэлли уран бүтээлээ орхиогүй шүү.
“Өдрийн шуудан” сонин