-Сүүлийн үед малын хулгайн гэмт хэрэг их гарах боллоо. Шалтгаан нь мэдээж янз бүр байх. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ оны эхний таван сарын байдлаар 603 малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 28.6 хувь өссөн гэсэн үг. Хангайн буюу төвийн бүсийн Архангай, Сэлэнгэ, Дархан, зүүн бүсийн Хэнтий, Дорнод аймагт малын хулгайн гэмт хэргийн гаралт харьцангуй өндөр цаашид ч өсөх хандлагатай байна. Иймээс ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сэрэмжлүүлэг мэдээллийг ард түмэнд хүргэж байгаа. Манай улс өргөн уудам нутагтай, мал аж ахуй голлон эрхэлдэг айл олон. Энэ ч утгаараа сүүлийн 20-иод жилийн хугацаанд малын хулгай нэлээд газар авч, цаашид өсөх хандлагатай болсон. Малын хулгайн гэмт хэрэг ихэвчлэн төвийн бүст их гардаг. Яагаад гэвэл дээрх аймгуудад хүн амын сууршил, шилжилт хөдөлгөөн ихтэй, дээр нь Улаанбаатар хот руу ороход төв зам дагуу байрлалтай гэдэг утгаараа яах аргагүй энэ төрлийн гэмт хэргийн золиос болж байна. Мөн сүүлийн үед махны үнэ маш их нэмэгдсэн. Манай улс 40 гаруй сая толгой малтай, гурван сая хүрэхгүй хүн амтай. Ийм байтал махны үнэ өнөөдөр 9-10 мянган төгрөгт хүрчихлээ. Энэ шалтгаан нөхцөл нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд шууд нөлөөлж байгаа. Бас нэг шалтгаан гэвэл ажилгүйдэл, ядуурал, үнийн хөөрөгдөл энэ нийгмийг бүрхээд байна. Шатахууны үнэ нэмэгдэхээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаап өсччихдөг. Ялангуяа махны үнэ өссөнтэй холбогдуулж малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байна.
-Малын хулгай ихсэх хандлагатай байгаа гэлээ. Тэгвэл хэргийн илрүүлэлт ямар байгаа вэ. Зарим малчин манайх тэдэн жилийн өмнө тийм морио алдсан. Одоо болтол хулгайчийг олоогүй хэмээн гомдолдог?
-Төвийн бүсийн аймгуудын Цагдаагийн хэлтсүүд тодорхой үе шаттай хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаагаас гадна сүүлийн хоёр сарын хугацаанд гэмт хэргийн гаралт буурах хандлагатай болсон нь ажиглагдсан. Одоогийн байдлаар мал хулгайлдаг найман бүлэглэлийг илрүүлэн баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Малын хулгайч нар өмнө нь бод мал хулгайлдаг байсан бол сүүлийн үед бог малыг хотноос нь хулгайлах, хол аваачин нядлах, тээврийн хэрэгслээр ачиж зөөх зэрэг тохиолдол их гарч байна. Тэгэхээр одоо тийм гомдол бараг гарахгүй гэж ойлгож болно.
-Малын хулгайч гэхээр махны ченжүүд санаанд ордог. Та нарыг энэ төрлийн хэрэг илрүүлээд шалгаж байхад ченжүүд энэ төрлийн хэрэгт үнэхээр холбоотой байдаг уу?
-Мэдээж малын хулгайчид махаа борлуулж байгаа. Тэгэхээр ченж нартай холбоотой байх магадлал өндөртэй. Гэвч тэд хулгайн мах зарж байгаад баригдлаа гэхэд “Бид мэдээгүй, анзаарсангүй” гэх хариултыг хэлдэг. Уг нь тэд борлуулж буй махаа авахдаа гарал үүслийн гэрчилгээ, бичиг баримтыг нь шалгаж үзэх ёстой шүү дээ. Хэрэв баталгаагүй мах байвал цагдаагийн байгууллагад мэдээлэх, шалгуулах хэрэгтэй. Ингэхгүй бол ченжүүд өөрсдөө л хэрэгт холбогдоно.
-Малчдад тулгардаг бас нэг асуудал бол малаа хил давуулан алдах. Энэ нь ихэвчлэн хоёр хөрштэй хил залгаа сумдуудаар гардаг. Танайд энэ талаар хэр их мэдээлэл ирдэг вэ?
-1990-ээд оны үед Увс, Завхан, Хөвсгөл гэх мэт баруун бүсийн аймгийн малчид ОХУ-ын иргэдэд малаа алдлаа гэдэг байсан. Энэ халдагад мэдээж хилийн дагуу байрлах сумдын малчид их хэмжээгээр өртдөг. Харин сүүлийн үед цагдаа, төрийн байгууллага тодорхой арга хэмжээ авсны хүрээнд хэргийн гаралт багассаад байна. Гэхдээ л ОХУ-тай хиллэдэг Баян-Өлгий аймагт малын хулгай их байгаа. Түүнээс гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарч байна. Сүхбаатар аймагт л гэхэд манай улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийг зөрчиж мал хулгайлан оруулж ирсэн асуудал гарсан. Мөн саяхан Дорнод аймгийн Халхгол суманд Өвөрмонголоос 20 гаруй толгой адуу хулгайлж оруулж ирсэн хэрэг гарч, эзэн холбогдогчийг нь тогтоогоод холбогдох албатай нь хамтран шалгаж байна. Хил даван малын хулгай хийх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага, ХХЕГ-тай хамтран үүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа.
-Малын хулгайн хэрэг буурахгүй байгаа нь эрхзүйн орчин сул байгаатай холбоотой юу. Ер нь малын хулгайтай тэмцэхэд ямар бэрхшээл тохиолддог вэ?
-Малын хулгайтай тэмцэх чиглэлээр 2000 оноос өмнө хууль эрх зүйн орчин тийм ч таатай биш байсан. Харин 2004 онд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль батлагдан гарч, төрөөс тодорхой бодлого чиглэл баримтлан ажиллаж байна. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ХЗДХ-ийн сайд болон ЦЕГ-ийн даргын, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарч нааштай үр дүн харагдаж эхэлж байна. Тулгарч буй бэрхшээл гэвэл байгаа. Малын хулгайг хүмүүс ихэвчлэн хэсэг бүлгээрээ нийлж үйлддэг. Энэ тохиолдолд эдийн засгийн хөшүүрэг, хүн хүч дутах асуудал гарна аа.
-Сүүлийн үед манай цагдаагийн байгууллага аливаа гэмт хэргийг гарсных нь дараа бус гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй гэдэг болсон. Энэ хэргийн тухайд гэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Цагдаагийн байгууллагаас энэ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр малчдын бүлэг, нөхөрлөлийг дэмжих бүсчилсэн сургалт зөвлөгөөнийг орон нутгийн цагдаагийн хэлтсүүд зохион байгуулж байна. Өнгөрсөн таван сард л гэхэд Өвөрханай аймагт энэхүү сургалтыг хийсэн. Мөн Хэнтий аймгийн цагдаагийн газраас Аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зөвлөгөөнийг хийлээ. Энэ зөвлөгөөнөөр мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын хулгайн гэмт хэргийн эсрэг цаашид ямар ажлуудыг зохион байгуулах чиглэлээр санал бодлоо солилцсон.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин