Наадмын салхийг Говь-Алтайнхан хагална

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Наадмын салхийг Говь-Алтайнхан хагална

Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэлсэн байна. Өнөө жил хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийнхан наадамлаж наадмын салхийг хагалах юм байна. Тус аймаг долдугаар сарын 6,7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт санал өгчээ. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болох ажээ. Харин Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадамлах бол Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өрүүдэд наадмаа хийх юм байна. Харин Хөвсгөл аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулах ажээ. Төрийн шагналт, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг энэ үеэр тэмдэглэхээр төлөвлөжээ.

Завхан, Дархан  аймгууд ч наадмаа  мөн 11, 12-нд хийж, улсын баяртай давхцуулах ажээ. Харин баруун аймгийнхан чухам хэдийд наадамлахаа одоогоор товлоогүй байгаа бөгөөд долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадам болж, даншигтайгаа хамт наадмаа хийх үү, түүнээс өмнө үү гэдгээ шийдээгүй байгаа бололтой.

Харин ямартай ч Баян-Өлгий аймгийнхан наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж Засгийн газарт санал оруулаад байгаа юм байна.

Мөн Дундговь аймаг 28, 29- нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр болсон байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж