Хятадын экс лидерийн эхнэр хэргээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Хятадын экс лидерийн эхнэр хэргээ хүлээв

Хятадад сүүлийн арван жилд хамгийн их дуулиан тариад байгаа улс төрийн шуугиан улам хүч авсаар байна.

Хятадыг удирдах ирээдүйтэй гэгдэж байсан нөлөө бүхийн улстөрч Бо Силайн
эхнэр Гу Кайлай Британийн иргэн Нейл Хейвудыг хөнөөснөө хүлээн
зөвшөөрчээ. Кайлай хэдэн арван сая долларыг гадаад руу зувчуулахад
Хейвуд тусалж байсан бөгөөд британи залууг энэ луйврыг нь илчилж
магадгүй гэж болгоомжлохдоо хөнөөсөн бололтой.

Хятадын эрх баригчид гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн Гу Кайлайг шүүхэд
шилжүүлэхээр зэхэж байна. Нэр хүндтэй, сэтгэл татам хатагтай Гу
баривчлагдаад хоёр cap хагасын дараа үйлдсэн гэмт хэргээ хүлээн
зөвшөөрлөө хэмээн Японы "Asahi Shimbun" сонин Хятадын Коммунист намын эх
сурвалжаас иш татан мэдээлсэн юм. Тэрээр Нейл Хейвудын тусламжтайгаар
гадаад руу илгээж байсан хэдэн арван сая хууль бус долларын хэргийг
илрүүлэхгүйн тулд британи иргэнийг алснаа энэ хэргийг шалгаж буй
мөрдөгчдөд өчсөн байна.

Хейвуд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бо Силай захирагч нь байсан
Чунцин хотын нэгэн зочид буудалд амиа алдсан байсныг олсон юм. Тэр үед
Бо Силайн улс төрд мандан бадарч Коммунист намыг дараагийн арван жилд
удирдах хүнээр нэрлэгдээд байсан билээ. Өөрчлөлт шинэчлэлтийн төлөө
байдаг түүнийг Хятадын Кеннеди гэдэг байв. Хятадын Жаклин Кеннеди гэдэг
байсан Гу Кайлай энэ үед татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байжээ.

Мөрдөн байцаагчид энэ хэргийг лавшруулан шалгаж, түүний санхүүгийн
төлбөр, шилжүүлгийг гүнзгийрүүлэн ухаж эхэлсэн тул 53 настай Гу хууль
бус гуйвуулгынхаа ул мөрийг баллахын тулд британи эрийн амь насыг
хорооход хүрчээ. Тэрээр Хейвудыг хэрхэн хөнөөснөө мөрдөгчдөд нэг бүрчлэн
ярьжээ. Үүний дараа эрх баригчид түүний хэргийг шүүхэд шилжүүлж шүүн
таслахаар шийдсэн бөгөөд цаазаар авах ял оноож магадгүй байгаа юм.

Неомаоист экс лидер Бо Силай эхнэрийнхээ хийж байсан үйлдэл, гэмт
хэргийг мэдэж байсан эсэхийг мөрдөн байцаагчид шалгаж эхлэв. Чунцин
мужийн даргаас огцорч, эрх баригч Коммунист намаас хөөгдөөд байсан Бо
Силай ийнхүү дахин хүнд цохилт амслаа. Гу, Бо хоёртой холбоотой жолооч,
туслах, үйлдвэрийн эзэд, жүжигчид зэрэг зуу орчим хүнийг хэрэгт
холбогдуулан байцаагаад байна.

Гу Кайлай англи түншээ хөнөөгөөд зогсохгүй нөхрийгөө Чунцин хотын даргын
суудалд байх сүүлийн хэдэн сард хэд хэдэн бизнесмэнээс ихээхэн
хэмжээний авлига авчээ.

Хэдэн жилийн өмнө Хятадын нэртэй хэдэн өмгөөлөгч хөрөнгө орлогын
мэдүүлэгт тусгагдаагүй хэдэн сая долларыг хүлээн авч дараа нь энэ
мөнгийг Америк, Их Британи дахь танил хүмүүсийн данс руу шилжүүлжээ.
Хейвуд, Гу Кайлай нарын оролцоотой шилжүүлсэн эдгээр мөнгөний тоо
зургаан тэрбум долларт эргэлдэж байгаа аж.

Бо Силай, Гу Кайлай нар татвараас зайлсхийж, төсвийн хөрөнгө мөнгийг
зувчуулахад британи эр тусалдаг байсан бололтой. Тодруулбал, гадаадад
данс нээж, луйвардсан мөнгийг тийш нь шилжүүлэх ажлыг Хейвуд хийдэг
байжээ. Хейвуд энэ хэргийг илчилнэ гэж айлгасан тул хөнөөсөн хэмээн Гу
Кайлай мэдүүлэг өгсөн аж.

Тэрээр яагаад Бо Силай, Гу Кайлай нарыг илчилнэ гэж сүрдүүлснийг
мөрдөгчид шалгаж байна. Хатагтай Гу ийнхүү хүн амины хэргээ хүлээн
зөвшөөрснөөр ирээдүйн Хятадын удирдагч гэгдэж байсан Бо Силайн улс
төрийн карьер бүрмөсөн булшлагдлаа хэмээн хэвлэлүүдэд бичиж байна.


Ц.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж