Увсын засаг даргыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Увсын засаг даргыг шүүнэ

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн шүүх хурлын танхимд болно. Учир нь тэд өнгөрсөн тавдугаар сарын 07-нд хуралдсан анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн байна. Хан-Уул дүүргийн шүүхээс Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан юм.

Хэргийг сануулбал, Э.Цасчихэрийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийний голын 325 м, Тээлийн голын 75.3 м зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн үндэслэлээр АТГ-т шалгасан юм. Харин ИТХ-ын дарга Д.Батсайханыг орон сууцны хөрөнгөөс завшихад оролцсон гэж буруутгасан. Нийслэлийн Прокурорын газраас Э.Цасчихэрийг төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөг завшсан гэж буруутгасан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчын эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж