- Та өнөөдөр юун дээр анхаарлаа их төвлөрүүлж байна вэ?
- Та эрч хүч, цаг зав, залуу сайхан насаа ихэвчлэн яг юун дээр анхаарлаа төвлөрүүлэн өнгөрөөж байна вэ?
- Та өнөөдөр өөрийн хяналтаас гадуурх, өөрөө өөрчилж чадахгүй зүйлүүд дээр анхаарлаа их төвлөрүүлж байна уу?
Яагаад гэвэл заримдаа бид өөрийн эрхгүй цаг агаар, замын түгжрэл, улс төр, эдийн засаг, дэлхий ертөнцийн өөрчлөлт, хажуу хөрш болон бусад хүмүүс, мөн өөрийн өнгөрсөн алдаанууд г.м. өөрийн хяналтаас гадуурх зүйлүүд дээр нэг мэдэхэд анхаарлаа төвлөрүүлж уур бухимдал, айдас, стрэсс, атаархал үүсгэж, энэ тухайгаа явсан газар, тааралдсан хүндээ ярьж өөрийн эрч хүч, хийморийг доройтуулж байдаг гэж болно.
Тэгэхээр таны бухимдлыг төрүүлж байгаа (дэлхий ертөнцийн өөрчлөлт, эх орон, улс төр, хот, нийгэм, хамт олон, гэр бүл, замын түгжрэл г.м.) эдгээр асуудлуудыг өөрийн хэмжээнд авч үзээд, үүний дагуу та юу хийж чадахаар байна вэ, таны хувь нэмэр оролцоо юу байна вэ, түүнийгээ бодож олж санаачлгаараа, сайн дураараа хийж эхлэх шийдвэрийг гаргах хэрэгтэй.
Жишээлбэл:
- Хэрвээ улс төр уур бухимдлыг төрүүлж байгаа бол саналаараа компанит үйл ажиллагаа зохион байгуулж зөв гэж үзэж байгаа нам, хувь хүнийг дэмжиж саналаа өгөх.
- Хэрвээ таны санааг дэлхий ертөнц, ан амьтан, гэмт хэрэг, өвчин зовлон, хог бохирдолт зэрэг зовоож байгаа бол түүний төлөө тэмцэж байгаа албан байгууллага, нийгэмлэг юу байна хайж олж, саналаараа гишүүнээр элсэж хамтран ажиллах.
- Хэрвээ өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлууд таны санааг зовоогоод байвал яагаад тэдгээр зүйлүүд таныг одоо болтол зовоогоод байна вэ гэдэг шалтгааныг нь олж, түүнээсээ суралцах. Мөн тэр туршлагаасаа бусдад хуваалцаж, нэг хүнийг ч болтугай тийм алдаа дутагдал гаргуулахгүйн төлөө санаа тавьж эхлэх хэрэгтэй.
Тархин дотор байгаа эдгээр бөглөөсүүдийг ямар нэгэн эерэг үйлдэл хийж, өөрийнхөө зүгээс өөрчлөлтийг хийж эхлэх нь зүйтэй болов уу. Үгүй бол бид хий дэмий өөрийгөө зовоож, эрч хүчээ алдах болно.
- Харин хүмүүс таныг зовоогоод байвал би өнөөдөр юу хэлмээр байна вэ гэвэл:
Хүмүүс юу хийх ёстой түүнийгээ хийг! Харин та өөрөө юу хийх ёстой түүнийгээ хий! Түүнийгээ маш сайн хий!
Хэрвээ та нөлөө бүхий хүн болохыг хүсвэл маш сайн нөлөө бүхий хүн бол
Хэрвээ та хүнд заахыг хүсвэл маш сайн багш бол
Хэрвээ та үлгэр дуурайл болохыг хүсвэл өөрийгөө маш сайн хөгжүүлж, сайжруул
Хэрвээ та ээж болохыг хүсвэл маш сайн ээж бол
Хэрвээ та бусдад урам зориг өгөхийг хүсвэл маш сайн урамшуулагч болох хэрэгтэй.
Зөвхөн та өөрөө юу хийж чадна түүнийгээ маш сайн хий. Мөн түүндээ хариуцлагатай бай.
Санаж яв: ”Та хүмүүсийг өөрчилж чадахгүй… Гэхдээ хүмүүс өөрсдийгөө өөрчилж чадна.”
Тиймээс бид өөрсдийгөө хэрхэн өөрчилсөн туршлагаасаа бусдад хуваалцаж, зөвлөгөө өгч, өөрийн урам, өөрийн үг, өөрийн зорилгыг бусадтай хуваалцаж, үлгэр дуурайл болж чадах хэрэгтэй. Харин тэр тохиолдолд хүмүүс өөрсдийгөө өөрчлөх үү, үгүй юу гэдэгт шийдвэрээ гаргах болно.
Өөрийгөө сонгож, өөрийгөө өөрчилж чадах нь хүн төрөлхөтний эрхэм чанар мөн. Хүн төрөлхтнөөс өөр юу ч өөрийгөө өөрчилж чадахгүй.
Өнөөдрөөс эхлээд өөрөө өөрчилж чадахгүй зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд өөрийн хийж чадах зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.